• Монгол эрдэмтдийн гаргаж авсан ЭКО бэлдмэлээр хортон шавжаа нэг удаад устгаад, 3-4 жилдээ гар хүрэх шаардлагагүй

    2020-08-26

    Монгол орны хэмжээнд бэлчээр, ой тариалангийн талбайг ургамлын хөнөөлт организмуудаас хамгаалахад чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлуудыг Ургамал, хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд хийж гүйцэтгэдэг.

    Дэлхий нийтээрээ ургамал хамгааллын арга хэмжээнд химийн арга болох пестицидийн хэрэглээг бууруулах чиг хандлагатай болсон энэ үед монгол эрдэмтэд 100 хувь эко ургамал хамгааллын био бэлдмэлүүдийг гарган авчээ. 2005 оноос эхлэн судалгааны ажлыг эхлүүлжээ.

    Маанй улсын хувьд:

    • Газар тариалангийн салбарт 400 гаруй хортон шавж бидний хүнсэндээ хэрэглэдэг хүнсний ногоо, үр тариаг идэж, устгаж , бохирдуулж
    • Ойд 20 гаруй зүйлийн голлох хортон шавж ойг доройтуулж
    • Бэлчээрт 30 гаруй зүйлийн царцаа бэлчээрийг устгаж байдаг бөгөөд ихээр тархсан тохиолдолд ургацыг 40, тарьмал ургамлын ургацыг 100 хувь алдагдуулдаг хор хөнөөлтэй байдаг аж.

    Дээр дурьдсан хортон шавжтай тэмцэх төрлийн бүтээгдэхүүнүүдийг өмнө нь 100 хувь импортоор авдаг байсан бол одоо химийн бус эко бүтээгдэхүүнийг дотоодоосоо нийлүүлэх боломжтой болжээ. Импортоор орж ирдэг энэ төрлийн бүтээгдэхүүн нь бүгд химийн гаралтай.

    Харин Ургамал, хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн гаргаж авсан био бэлдмэлүүд нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, цэвэр биологийн гаралтай гэдгээрээ онцлогтой гэж тус хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн онцолж байлаа.

    Жишээ нь, хортон шавж устгалд ашиглах боломжтой Green био бэлдмэл нь сонгомол үйлчилгээтэй учраас тухайн хүнсний бүтээгдэхүүн болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байна. Хүн, байгальд хор нөлөөгүйгээс гадна нэг га талбайд хэрэглэгдэх тун нь бага, биологийн идэвхи өндөртэй байдаг учраас бэлдмэл хэрэглэсэн газар 3-4 жил хортон шавжтай тэмцэх шаардлагагүй.

    Ургамал, хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гарган авсан био бэлдмэлүүдтэй зураг бүр дээрээс дэлгэрэнгүй танилцах боломжтой.

    Нэг га талбайд маш бага хэмжээгээр буюу 2-3 литр ордог байна. Эх орондоо үйлдвэрлэвэл импортоор авдаг бүтээгдэхүүнээс хамгийн багадаа 2-3 дахин хямд тусна. Гэхдээ үйлдвэрийн хүчин чадал бүхий цех, түүнд төрийн дэмжлэг шаардлагатай гэж эрдэмтэн, судлаачид хэлж байлаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ