• С.Бямбацогт: 2030 онд ядуурлыг 15 хувьд хүргэнэ

    2020-05-04

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.05.04/ хуралдаж, хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийнхээ талаар мэдээлэл хийлээ.  Тус бүлгийн зүгээс “Алсын хараа-2050” хөтөлбөрийг сонгуулиас өмнө хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

    МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “Өнөөдрийн бүлгийн хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Засгийн газраас өргөн барьсан“Алсын хараа-2050” хөтөлбөрийг хэлэлцлээ. Энэ асуудлыг энэ долоо хоногт амжиж хэлэлцэх шаардлагатай байна. Сонгуулиас өмнө шийдвэрлэх нь зүйтэй. Энэ чиглэлээр УИХ-ас С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна” гэлээ.

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлоготой байхыг хуульчилсан. Энэ дагуу “Алсын хараа-2050” бодлого боловсруулсан. Үүнийг энэ долоо хоногт батална. УИХ -д суудалтай бүх намуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилтыг “Алсын хараа-2050”-д суулгаж байна. Тухайлбал, 2030 онд ядуурлыг 15 хувьд, 2040 онд 10 хувьд, 2050 онд 5 хувьд хүргэнэ гэдэг зорилт тавьж байгаа. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17 мянга 500 доллар байхаар тооцсон байсан бол дахин тооцоолол хийж 12 мянга орчим доллар байхаар тооцлоо.

    -МАН дотроо хагаралтай байгаа юм уу. Зарим гишүүд нь бие дааж нэр дэвшихээ илэрхийлээд байна?

    -МАН дотор ямар ч хагарал байхгүй. Гишүүд бие дааж нэр дэвшээгүй. Нэр дэвшигчид 15-ны дотор тодорно.

    -МАН нэр дэвшигчдээсээ судалгааны зардал гэж 25-50 сая төгрөг авсан гэх мэдээлэл гарсаар байна?

    -МАН гишүүдээсээ ямар ч мөнгө төгрөг татаагүй. Зарим гишүүн судалгааны байгууллагад өөрсдөө мөнгөө төлөөд судалгаа хийлгэж байгаа юм билээ. Зарим нь намтайгаа хамтраад ч хийж байгаа юм байна. Түүнээс биш намаас албан ёсоор мөнгө татсан асуудал байхгүй.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ