• Л.Оюун-Эрдэнэ: Алсын хараа-2050-ийг 500 гаруй бодлогын баримт бичигт нийцүүлсэн

    2020-05-07

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

    Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрт жагсаж байна. Тодруулбал, Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур түвшинд байгаа юм. Ядуурлыг бууруулахад чиглэсэн халамжийн бодлого хангалттай үр дүнд хүрч чадаагүйг хөгжлийн суурь үзүүлэлтүүд нотолж байна. Түүнчлэн нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж давхарга эмзэг, нимгэн байгаа нь тэгш бус байдлыг бий болгож, ардчиллын суурь үнэт зүйлст сөргөөр нөлөөлж эхэлж байна. Тиймээс өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирэх 30 жилийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нь зөв хэмээн Засгийн газар үзжээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал нь суурь 9 зорилго, 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттай аж.

    УИХ-ын даргын захирамжаар тогтоолын төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багаас зарчмын зөрүүтэй 46 саналын томьёолол гаргажээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Д.Оюунхорол нарын гишүүн төслийн ажлын багаас асуулт асууж, хариулт авсан.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Алсын хараа-2050 баримт бичгийг баталснаар, өмнөх парламентийн баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” (ТХЗ-2030) урт хугацааны бодлогын баримт бичиг хүчингүй болж байгааг тэмдэглэв. Тус баримт бичгийг туршлагатай улс төрч, эрдэмтэн судлаачдаар хоёр жилийн турш хэлэлцүүлж баталж байсныг тодотгоод, ТХЗ-2030-д тусгасан зүйл заалтыг “Алсын хараа-2050”-д тусгасан эсэхийг тодрууллаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр хэрэгжээд 15 жил болж байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг тэмдэглэв. Тухайлбал, 2010 онд Монгол Улсын нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжсөн байсан бол 2015 онд 77.8 хувь болж  цөлжилт нэмэгдсэнийг дурдав. Тиймээс Алсын хараа-2050 баримт бичгийн Ногоон хөгжил гэсэн бүлэгт, хөрсний үржил шим чийгийг хамгаалж цөлжилтөөс сэргийлнэ гэж тусгасныг тодотгоод, бодлогын хүрээнд байгаль орчныг хамгаалах, цөлжилтээс сэргийлэх ажлыг хэрхэн төлөвлөснийг лавлалаа.

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариулахдаа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зарим зүйлийг хуульд нийцүүлэх шаардлага гарсан, мөн ТХЗ-2020-д байсан биелэх боломжгүй, арай өөдрөгөөр төсөөлсөн зүйл заалтыг нь засаж залруулснаар Алсын хараа-2050 баримт бичигт тусгасан хэмээн тайлбарлалаа. Тухайлбал, 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17 500 ам.долларт хүргэнэ гэсэн байсныг 12 000 ам.долларт хүргэнэ гэж өөрчилжээ. Мөн 2030 он гэхэд ядууралгүй улс болно гэснийг, 2030 онд ядуурлыг 15 хувьд, 2050 онд 5 хувьд хүргэнэ гэж тусгасан гэж байлаа.

    Алсын хараа-2050 баримт бичигт ТХЗ-2030 баримт бичгийн 72.5 хувь нь шууд туссан, агуулгын хувьд бүрэн туссан хэмээн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэмж хариулав. Харин тооны хувьд зарим зүйл өөрчлөгдсөн гэлээ. Мөн тэрбээр, өмнө нь баталж байсан 500 гаруй бодлогын баримт бичигт нийцүүлсэн, түүний цогц болсон хөгжлийн хөтөлбөрийн баримт бичиг болсон гэдгийг онцолж байв.

    Төслийн ажлын багийн гишүүн, н.Батнасан, манай улсын эдийн засгаа бүрдүүлж байгаа салбар нь байгаль орчныг доройтуулж байгаа тул 2030 он хүртэл уул уурхайн салбараас илүү бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологи зэрэг нэмэгдсэн өртөг бүтээх салбараа дэмжихээр зорилт тавьж байгааг онцлов. Мөн бэлчээр доройтож байгаа нь дэд бүтэц муу хөгжсөнтэй холбоотой тул эдгээр асуудлыг шийдвэрлэхээр Алсын хараа-2050 баримт бичигт туссан гэлээ.

    Мөн ажлын багийн гишүүн БОАЖЯ-ны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Монгол Улсын нийт газар нутгийн 22.9 хувь нь нэн доройтож цөлжсөн байгааг тодотгоод, үүний 49 хувь нь хүний нөлөөтэй гэлээ. Тиймээс нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар улсын төсөвт 1.3 тэрбум төгрөг тусгасан байна. БОАЖЯ-наас элсний нүүдлийг судлах, нөхөн сэргээх, ойн зурвас байгуулах, баянбүрдүүдийг нутгийн иргэдийн оролцоотой сэргээх тодорхой ажлыг энэ жилээс эхлүүлж байгааг хэллээ.

    Ингээд Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 38, дэмжээгүй найман саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэснээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ