• Алсын хараа 2050:Сургалтын хөтөлбөрт нүүдэлчин ахуй, зан заншил, өв соёлын агуулгыг тусгана

    2020-05-25

    – Үндэсний бахархал, уламжлалын чиглэлээр 2030 он хүртэл хийх  “Алсын хараа 2050”-ын  30 чухал заалт-

    2020 оны 5-р сарын 13-ны УИХ-ын 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан билээ. Уг баримт бичгийн  2-р хавсралтаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгасан бөгөөд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх чиглэлээр хийх ажлуудаас онцлох 30-ыг түүвэрлэн хүргэж байна.

    1. Чингис хааны тахилгыг сэргээнэ.

    2. Төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааны дүрэм, журмыг үндэсний онцлогт нийцүүлэн шинэчилнэ.

    3. Музейн үзмэр, эд өлгийн зүйл, урлагийн бүтээлийг бүртгэлжүүлж, даатгалын үнэлгээгээр үнэлнэ.

    4. Археологийн үнэ цэнэтэй дурсгалт газрын хамгаалалтын зэрэглэл, ангиллыг шинэчилж, соёлын өв харгалзагч эзэнтэй болгоно.

    5. Археологийн дурсгалт газар, шашин, палеонтологийн үнэт зүйлсийг тусгай сонирхлын үнэ цэнтэй аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно.

    6. Уртын дуу, морин хуур, хөөмий, бий биелгээ, цуур зэрэг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлнэ.

    7. “Гэр бүл-монгол соёлын анхдагч орчин” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, гэр бүлийн үнэт зүйлст тулгуурласан уламжлалт ёсыг хадгална.

    8. Сургалтын хөтөлбөрт нүүдэлчин ахуй, зан заншил, өв соёлын агуулгыг тусгаж, бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдад үндэсний өв соёл, уламжлалт наадгайн төрлийн мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.

    9. Үндэсний ижилсэл, соёлын дархлаатай монгол хүнийг бэлтгэхэд чиглэсэн өв соёлын өргөө, соёлын төвүүд, үндэсний спортын дугуйлангуудын үйл ажиллагааг дэмжинэ.

    10. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр гарсан судалгааны үр дүнгээр зорилтот нэвтрүүлгийн эзлэх хувийг нэмэгдүүлж, үндэсний хэмжээний цуврал лекц, ярилцлага зохион байгуулагчдыг төрөөс дэмжинэ.

    11. “Дэлхийн нүүдлийн соёл, иргэншлийн голомт” байгууллагыг байгуулж, дэлхийн нүүдэлчдийн төв болох цогц хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

    12. “Нүүдлийн соёл иргэншлийн үндэсний хүрээлэн”-г бүс нутгийн онцлогт тохируулан байгуулна.

    13. Улаанбаатар хотын хурдны тойрог замын дагуу “Соёл, урлагийн цогцолбор”, Монгол багт бүжгэн жүжгийн театр байгуулах, энэ төрлийн бүжгэн жүжгийн цомнол, бүтээлүүд бий болгох, урлагийн сургалт, уран бүтээлийг үндэсний өв, соёлд түшиглэн орчин цагийн бүтээл хөгжүүлэх, судалгааны инкубатор төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан байгуулж, үйл ажиллагааг нь дэмжинэ.

    14. Дэлхийн шинжлэх ухаан, техник, технологийн нэршил, нэр томьёог монгол хэлэнд нутагшуулан баяжуулж, мэдлэг шингэсэн монгол хэлний үгсийн санг бий болгох ажлыг тогтмолжуулна.

    15. Төрийн албан хаагчаас монгол хэлний шалгалт авч, шалгуур хангасан байх шаардлага тавина.

    16. Байгууллагын нэр хаягийг монгол бичиг, кирилл бичгээр бичих асуудлыг журамлаж, стандарт мөрдүүлэн нийгмийн соёлыг дээшлүүлнэ.

    17. Монгол хэлээ олон улсад сурталчилж, монгол хэлээр ярилцагч гадаадын иргэдийг алдаршуулна.

    18. Монгол хэлний тухай хуульд заасны дагуу 2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахын тулд төрийн захиргааны байгууллагуудад эх зохиогчийн орон тоо бий болгож, кирилл, монгол үсгийн хөрвөх программыг ажиллуулах бэлтгэл хангана.

    19. Монгол хэл шинжлэлийн түүхэн судалгаа хийж, монгол хэлний эрдмийн хэл зүй бичнэ.

    20. Үндэсний утга зохиол, ном судар, баримтат өвүүдийг бүртгэн, цуглуулагчдыг алдаршуулж урамшуулна.

    21. Археологи, палеонтологийн судалгааг үнэт зүйлийн судалгааны тэргүүлэх чиглэл болгож, үндэсний хэмжээний судалгааны төслийг хэрэгжүүлнэ.

    22. Монгол хүний ёс суртахууны хэм хэмжээний талаарх судалгааг өргөжүүлэн хүүхэд залуус, төрийн албан хаагч, хууль, хүчний байгууллагын ажилтны ёс суртахууны нарийвчилсан судалгааг хийнэ.

    23. Дэлхийн номын сангууд болон угсаатны зүйн музей, эрдэм шинжилгээний байгууллага, хувь хүмүүст хадгалагдаж байгаа бичгийн дурсгал, түүхэн сурвалж бичгийн өвийг бүртгэж мэдээллийн сан бүрдүүлж, эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулна.

    24. Монгол хүний бусдаас ялгарах онцлог, давуу талыг “Бүтээлч сэтгэлгээ, оюуны чадвар өндөр, дасан зохицох чадвартай, эрчист Монгол” хэмээн тодорхойлж энэ чанарыг хүн бүрд хэвшүүлж, хүүхдийг бага наснаас нь төлөвшүүлнэ.

    25. Оюуны болон соёлын, биет бус өвийн бүтээлүүдийг дагасан уламжлал, ёс заншил, үндэсний онцлог бүхий брэнд үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортлох боломжийг нэмэгдүүлнэ.

    26. Олон улсын түвшинд зохион байгуулагдаж байгаа олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэн суралцагч, багш, багийг дэмжиж урамшуулан алдаршуулна.

    27.“Монгол туургатны хэл, соёл, уламжлалыг хадгалж хөгжүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

    28. Монголын уламжлалт таван өнгийн идээ ундаа (цагаан идээ, мах шүүс, тосон төрлийн идээ, үр тариа, эмийн ургамал, жимс жимсгэнэ, архи, дарс, рашаан ундаа)г ашиглан дөрвөн улирал, хүний насны онцлогт тохирсон хоол, тэжээл-сор бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, улмаар дэлхийд таниулж, монгол хүнс хоолны сүлжээ байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.

    29. Монголын уламжлалт спорт, наадам, наадгайг (бөх, сурын харваа, шагайн харваа гэх мэт) хөгжүүлэх, үндэсний баг, тамирчдаа дэмжих, морин болон тэмээн спортын (морин поло, тэмээн поло) төв байгуулж үндэсний багтай болох, гадаад, дотоодын баг, тамирчдыг урьж тоглуулах тогтолцоог хөгжүүлж, спортын зарим төрлийг олон улсын болон олимпын төрөлд оруулах, түүгээр дамжуулан өөрийн орны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

    30. Түр байрлах үйл ажиллагаанд тохируулан гэрийг хөгжүүлэн хялбаршуулж, олон улсын хэрэглээ болгон түгээн дэлгэрүүлнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ