• Б.Номин:Суулгалт өвчнийг гэрээр эмчлэхдээ дөрвөн зарчмыг баримтлах ёстой

    2020-08-25

    ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Номин хүүхдийн суулгалт өвчний үед илрэх шинж тэмдэг, эцэг, эхчүүд хэзээ мэргэжлийн эмчид хандах ёстой талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэлээ.

    Хүүхдийн суулгалт өвчин гэдэг нь 24 цагт гурваас дээш удаа эмгэг хольцтой баахыг хэлнэ. Суулгалт өвчний шалтгаан нь халдварын болон халдварын бус шалтгаантай байдаг.

    Харин халдварын шалтгаантай гүйлтгэлт, суулгалтыг вирусын болон нянгийн гаралтай гэж хувааж авч үзнэ.

    Вирусын гаралтай гүйлтгэлт, суулгалтыг томуу, томуу төст өвчний реновирус, аденовирус, ротавирусууд зонхилон үүсгэдэг. Үүнээс нийт суулгалт өвчний 58-70 хувийг ротовирус үүсгэдэг гэж үздэг байна.

    Ротавирусын гаралтай суулгалт өвчинд 0-5 насны хүүхэд өртөмтхий байдаг бөгөөд энэ үед усархаг их хэмжээний шингэн баадаг байна. Ротавирусын гаралтай суулгалт өвчнөөр  10-11 болон 5-8 саруудад ихэвчлэг өвчилдөг байна.

    Нян/гэдэсний халдвар, хоолны хордлого/-гийн гаралтай суулгалт өвчин нь ихэвчлэн гар, амаар дамжин халдварладаг байна.

    Суулгалт өвчний үед илрэх шинж тэмдгүүд:

    • Шингэн ховдоглож уух
    • Ууж, идэхдээ муудах
    • Уусан, идсэн болгоноороо бөөлжих
    • Нүд хонхойх
    • Уруул омголдох
    • Гар, хөл хүйтэн болох

    Гэрээр суулгалт өвчнийг эмчлэхдээ баримтлах дөрвөн зарчим:

    • Шингэн илүү сайн уулгах/Хөхөөр хооллох, бор хоолонд орсон хүүхдэд дөрвөн цаг тутамд хорсолыг бага багаар, хярам, зутан, шөлийг шимүүлж уулгана. Хэрвээ хүүхэд бөөлжвөл 10 минут хүлээгээд бага багаар шижүүлж уулгана. Шимүүлж уулгахдаа минутанд гурван миллитрийг уулгана/
    • Цайрын бэлдмэлийг өгөх/Хоёр хүртэлх сартай хүүхдэд 20 милограммыг хувааж өгөх бол хоёроос дээш бол бүтнээр нь 14 хоногийн хугацаанд өгнө/
    • Өөрийнх нь хүссэн хоолыг өгөх
    • Уухдаа муу болох, баас цустай болвол эмчид заавал хандана

    Гэрээр эмчилсэн боловч суулгалт үргэлжилж, шинж тэмдэг илэрсэн хэвээр байвал таван өдрийн дараа эмчид үзүүлэх шаардлагатай. Мөн үүнээс гадна дараахь шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид зайлшгүй хандах шаардлагатай:

    • 14 ба түүнээс дээш хоног суулгах
    • 14 ба түүнээс дээш хоног ханиалгах
    • Баас цустай байх
    • Долоо буюу түүнээс дээш хоног халуурах
    • Татах
    • Уух буюу хөхөх чадваргүй болох
    • Уусан бүхнээрээ бөөлжих

    Хуучин Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр/ягаан дэвтэр/-ийн 67, шинэ дэвтрийн 27 дугаар хуудас дээр дээрх бүх мэдээлэл багтсан байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ