• “Цар тахлын нөлөө Монгол Улсад бүрэн мэдрэгдэж дуусаагүй, 2-3 жилдээ үргэлжилнэ”

    2020-08-24

    Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Коронавирусын цар тахал Монгол Улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааг НҮБ, болон түүний системийн байгууллага бусад олон улсын байгууллагатай хамтран хийжээ.

    Энэ талаар Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа ” Коронавирусын цар тахал эдийн засаг, нийгэмд нилээд хүндхэн учруулж байгаа. Иргэдийнхээ бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн салбараа сайжруулах чиглэлээр НҮБ, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа.

    Монгол Улсад байгаа НҮБ-ын Суурийн зохицуулагчийн газраас санаачлаад НҮБ, болон түүний системийн байгууллага бусад олон улсын байгууллагатай хамтран Ковид-19 нь Монгол улсын нийгэм эдийн засагт ямар хор хөнөөл учруулж буй талаар томоохон судалгаа хийсэн.

    Судалгааны дүнгээс харвал цар тахлын нөлөө Монгол Улсад маш хүчтэй нөлөөлж байгаа ч энэ нь бүрэн мэдрэгдэж дуусаагүй буюу ирэх 2-3 жил үргэлжилнэ гэж таамаглаж байна. Жишээ нь, ДНБ-ий 24 хувийг эзэлдэг уул уурхайн салбарын өсөлт 30 хувиар буурсан нь эдийн засгийг 10.7 хувиар буурахад нөлөөлсөн нь судалгаагаар гарсан. Ингэхдээ:
    • 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх айлууд
    • Залуу гэр бүлүүд,
    • хөгжлийн бэрхшээлтэй иргэд,
    • ахмад настан
    • цөөн тооны малтай малчин иргэд илүүтэйгээр өртөх төлөвтэй байна.

    Иймээс НҮБ, Засгийн газартай хамтран ирэх хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Ингэхдээ эдийн засгийг сэргээж, ард иргэдэд тэгш боломж олгох, эрүүл мэнд боловсролын салбарыг хөгжүүлэх гэх зорилтын хүрээнд  төлөвлөгөөт ажлуудыг тусгаж хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 50 хувийг НҮБ үлдсэн 50 хувийг бусад олон улсын байгууллага, Засгийн газар хамтран босгох шаардлагатай байгаа” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ