• “Хүүхдийнхээ даалгаврыг хийлгэхдээ өөрийнхөө ажилтай аль болох ДАВХЦУУЛАХГҮЙ байх хэрэгтэй”

    2020-08-23

    Нэгдүгээр ангид шинээр элсэн орж буй хүүхдүүдтэй эцэг, эхчүүдэд өөрийнхөө болон хүүхдээ сэтгэл зүйн хувьд хэрхэн бэлтгэх талаарх зөвлөгөөг Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнгийн сэтгэлзүйч А.Тайванжаргалтай хүргэлээ.

    Сургуульд ороход бэлэн эсэх нь сэтгэл зүй, оюун ухаан, харилцаа, бие даах чадвар гэсэн дөрвөн хүчин зүйлээр тодорхойлогддог. С ургуульд орохоосоо өмнө үсгээ нүдэлчихсэн хэрнээ сэтгэл зүйн хувьд бэлэн биш байх тохиолдлууд бий.

    Том хүмүүс шинэ ажилд орсны эхний өдөр ямар байдаг вэ? Эхний өдрөөс л шинэ орчинтойгоо дасан зохицоод явдаггүй. Дасан зохицод долоон хоног, тэр байтугай сарын хугацаа ч шаардах нь бий. Үүнтэй адил хүүхдэд ч сэтгэл зүйн хувьд таагүй нөхцөл байдал үүсдэг. Сургуульд орох гэж байгаа гэдгийг нь сэтгэл зүйн хувьд бэлдээгүй байх нь хүүхдэд стресс, түгшүүрээр илэрдэг. Товчхондоо, уурлаж, уйлдаг.

    Сургуульд орохоос өмнө жилийн өмнө буюу таван настайгаас нь хүүхдээ бэлтгэж эхлэх хэрэгтэй.

    -Сэтгэлзүйн хувьд сургуульд явах хүсэл, эрмэлзлийг хүүхэддээ бий болгох/Сургууль гэж юу болох, сургууль дээр юу хийдэг талаар тайлбарлаж өгөх/

    -Оюун ухааны хувьд зарим чадварыг ахуйн замаар хүүхэддээ суулгах/Зургаан настнуудын хувьд хараагаараа буюу дүрсээр нүдэлж сурдаг онцлогтой. Үлгэр унших, ярилцах замаар хүүхдийн хэл яриа, альваа зүйлийг задлан, дүгнэх чадварыг нь дэмжиж болно/

    Сэтгэл зүйн байдал халдварладаг учраас эцэг, эхчүүд эхлээд өөрсдөө бэлэн байх ёстой

    Үүнээс гадна эцэг, эхчүүд өөрсдөө сэтгэл зүйн хувьд бэлэн байх хэрэгтэй.  Сэтгэл зүй нь халдварладаг учраас эцэг, эхчүүд аль болох тайван байж, оронд нь бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

    Хүүхэд тань анх удаа суралцаж байгаа учраас хурдын хувьд болон хүлээж авах чадварын хувьд удаан байна гэдэгтэй эвлэрч, сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Мөн өмнө нь зарцуулдгаасаа илүү их цаг зарцуулах ёстойг ойлгоорой.

    Яаралтай ажлынхаа хажуугаар хүүхдийнхээ даалгаврыг давхцаж хийлгэхгүй байх зэрэг цагийн зохицуулалтыг хийж сурах хэрэгтэй”

    Хүүхдийг аль болох залхаахгүйгээр суралцуулах аргыг сонгоорой

    Хүүхдийг өдөр тутмын амьдралын хэв маягтайгаа холбож, залхаахгүйгээр суралцуулах нь чухал.

    Уншуулж давтуулахдаа:

    Миний хүү, манай доод талын дэлгүүрийн нэр юу билээ? Аав, ээж нь мартчихаад байх юм, чи нэг явахдаа уншчихаарай.

    Тоог нь давтуулахдаа:

    Хоол бэлэн. Ээждээ хоёр халбага аваад өгөөч.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ