Шүүгчийг төдийгүй прокурор, АТГ-ын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр солих заалтыг хуулиудаас хасах ёстой биш үү Х.Нямбаатар сайдаа

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах эрх зүйн шинэчлэгийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийхдээ шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд ҮАБЗ-өөс шүүгчдийг томилдог асуудлыг нэн тэргүүнд зогсоохоо мэдэгдсэн.

Х.Нямбаатар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бус, бие даасан байдлаар байгуулах, орон тооны гишүүдтэй болгох зорилтыг дэвшүүлж байгаа. Аравдугаар сарын эхний хэлэлцэх асуудлаар Шүүхийн төрөлжсөн хууль орохоор бэлтгэл ажил хийгдэж байгаа. Үүнтэй зэрэгцэж Шүүгчийн сахилгын хороо гэх Үндсэн хуулийн байгууллага байгуулагдана. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх, чөлөөлөх цонхыг нэн яаралтай хаахгүй бол Монгол Улсад хараат бус шүүх засаглал устана. Тийм учраас бид энэ цонхыг нэн тэргүүнд хаахыг зорьж байна” хэмээсэн.

Мөн түүний зөвлөх, академич С.Нарангэрэл Монгол Улсад нийт 500 гаруй шүүгч шүүгчийн хариуцлагатай бөгөөд хүнд хэцүү албыг хашиж байгаа. Шударга шүүх гэдэг бол шүүхийн байгууллага биш. Шүүх гэдэг нь өөрөө цаанаа шүүгчид юм. Сүүлийн үед манай ард түмний шүүхэд итгэх итгэл нь их суларч байна. Бид бүх шүүгчийг шударга бус байдлаар ажиллаж байна гэж үзэж огт болохгүй. Мэргэжлийн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн шүүгчийн ажил, мэргэжлийн үүргээ чин шударгаар биелүүлж байгаа олон шүүгч байгаа. Тэгэхдээ манай шүүгчид “нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэсэн Монгол ардын гайхамшигтай зүйр үгийг огт мартаж болохгүй….Шүүхийн хараат бус байдлыг дэндүү хэтрүүлэх юм бол вакумжин хэн ч халдашгүй, муу муухай үйлийг шүүгч өөрөө хийдэг, шүүгч хахууль авагч, хахуулиар угжуулагч болж хувирдаг нөхцөл байдал үүсдэг. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шүүгчийн эрхийг түдгэлзүүлж байх заалтыг хуульд оруулсан. Цаашдаа хуулийн энэ заалтыг цаг алдахгүйгээр хүчингүй болгох ёстой. Эс бөгөөс шүүгч нар хараат байдалд орж болзошгүй. Тиймээс шүүгчийн хараат бус байдлыг хангах эрх үүрэг, дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийг шударгаар сайн ажиллуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм” гэж ярилцлага өгөхдөө хэлсэн.

Тэгвэл Шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг болох энэхүү хуулийн заалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьж УИХ өнгөрсөн 2019 оны 3 дугаар сард яаралтайгаар хэлэлцэн хуульд оруулсан. Тэр нь МАНАН, Ц.Элбэгдоржийн томилсон Ерөнхий шүүгч, Ерөнхий Прокурор, АТГ-ын дарга нарыг солхитой уялдаж байсан. Тиймээс ч хуульд заалт нэмснээр сольсон.

Тэр үед УИХ-ын цөөнгүй гишүүд уг заалтыг эсэргүүцэж байжээ. Тэр үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар уг асуудлыг шүүмжилж байлаа. Мөн зарим гишүүд нэг удаа үйлчлэх заалт оруулахыг санал болгож байжээ. Уг нь энэ зүйтэй санал байсан нь ийнхүү батлагдаж байна.

Зөвхөн шүүгчийг ч биш прокурор, АТГ-ын даргыг ч солихын тулд тус бүрийнх нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тэр үед уг заалтыг Х.Нямбаатар сайд өөрөө дэмжиж байсан аж. Гэвч энэ удаа уг заалтыг хурдан авч хаяхыг хүсч байгаа нь энэ.

Гэхдээ зөвхөн Шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг хуулийн заалтыг ярьж байгаа нь хачирхалтай. Прокурор, АТГ-ын даргын асуудал ч бас яригдах ёстой баймаар.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ