• Ким Жон Ун зарим эрх мэдлээ дүүдээ шилжүүлсэн хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлжээ

    Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн эрх мэдлийн зарим хэсгийг дүү Ким Ёо Жонд шилжүүлсэн хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлжээ. Өчигдөр Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба өөрийн улсын парламентад энэ талаар мэдээлэл хийжээ.

    Ким Жон Уны хязгааргүй эрх мэдэл нь хэвээр байгаа ч стрессийн түвшингээ бууруулахын тулд зарим эрх үүргээ дүүдээ шилжүүлсэн тухай энэ үеэр мэдээлсэн байна.

    Умард Солонгосын дефакто “хоёр дахь хүн” болсон Ким Ёо Жон одоо АНУ, Өмнөд Солонгостой харилцах асуудлыг хариуцаж байгаа ажээ. Гэхдээ түүнийг Ким Жон Уны залгамжлагчаар зарлаагүй байгааг тагнуулын тайланд өгүүлсэн юм.

    Пхеньянд болж буй үйл явдлын талаар Өмнөд Солонгосын тагнуулын албанаас гаргасан мэдээлэл заримдаа худал байх тохиолдол гардаг тул дээрх мэдээллийн үнэн зөвийг батлах боломжгүй байгаа аж.

    Ким Ёо Жон нь Ким Жон Уны ах дүү нар дотроос итгэлийг нь хүлээж, төрийн өндөр алба хашиж байгаа ганц хүн. Тэрбээр 1987 онд төрсөн, ахаасаа дөрвөн насаар дүү юм. Тэд хоёул Швейцарийн Бернд суралцаж, боловсрол олж авчээ.

    Ким Ёо Жон 2018 онд Пёнчаны өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын төлөөлөгчдийг ахалж оролцсоноор Кимийн гэр бүлийнхнээс Өмнөд Солонгост очсон анхны хүн болж байлаа.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ