• Н.Дуламсүрэн:Дэлгэцийн донтолтоос хүүхдээ хамгаалах гол арга бол илүү их цаг гаргах

    2020-08-20

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ФМ 104-тэй  хамтран залуу эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудыг таниулах “Хайрын үндэс” цуврал ярилцлага нэвтрүүлгийг хүргэж эхэлжээ.  “Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-ийн Тэргүүн, “Дэлгэцээс холдуулах дадлууд” хүүхдийн номын зохиогч Н.Дуламсүрэнгийн дэлгэцийн донтолын талаарх өгсөн мэдээлэл, зөвлөгөөг хүргэж байна.

    Хүүхэд багаасаа утас, дэлгэц үзвэл анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх өвчтэй болох магадлал маш өндөр байдаг байна.

    Дэлгэцэн дээрх дүрс 2-3 секунд тутам байнга солигдож байдаг учраас байнга солигдсон дүрс үзсээр байгаад анхаарал дутмагших төлөвтэй болдог. Цаашлаад нүд анивчих, илүүдэл жинтэй болох, оройтож унтсаны улмаас өсөлтийн хоцрогдолд орох зэрэг дам нөлөө ихтэй аж.

    Мансууруулах бодис буюу сэтгэцэд нөлөөт бодисын донтолтын чиглэлээр мэргэшсэн Америкийн сэтгэл зүйч, доктор Николас Кардарас дэлгэцийн хэрэглээг мансууруулах бодистой адилтган үзжээ.

    Тодруулбал, дэлгэцийг кокайн гэх мансууруулах бодисын адил хүүхдийн тархийг гэмтээдэг гэж үзсэн байна.

    Мөн дэлгэцнээс ялгардаг хөх туяа нь тархийг амраах үйлчилгээтэй мелатонин дааврын ялгаралтыг дарангуйлж, улмаар тархийг амраах ажиллагааг тасалдуулж байдаг байна.

    Үргэлжлүүлэн тэрээр бага насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүд гар утас, дэлгэцийг хүүхэд саатуулагч хэрэгсэл болгож ашиглаж байгаа нь маш буруу гэдгийг анхааруулав.  Энэ нь хүүхдээ ойшоож, гар утсаар өөрийгөө орлуулж байна гэсэн үг. Эхлээд таван минут үздэг байсан бол яваандаа нэг цаг тасралтгүй үздэг болж, гар утасгүйгээр өдрийг өнгөрөөж чадахгүй дадал, хэвшил болдог. Яваандаа энэ нь донтох хэлбэр лүү шилжиж, дэлгэцийн донтох өвчин рүү шилжих сөрөг үр дагавартай.

    Бага насны хүүхэд утас оролдоод, англи хэдэн үг хэлэхээр хүүхэд эндээс хөгжиж байна гэж эндүүрэх нь олонтаа байдаг байна.

    Дэлгэцийн хэт их хэрэглээтэй болон дэлгэц ширтдэггүй хүүхдүүд ямар ялгаатай вэ?

    Дэлгэцийн хэрэглээгүй хүүхдийн хэл ярианы хөгжил, сэтгэн бодох хөгжил сайн байдаг.  Харин эсрэгээрээ дэлгэцэнд донтсон хүүхдийн ярианы чадвар маш сул, өөрийгөө илэрхийлэх чадвар маш сул байдаг.  Нэг зүйлийг хэтэрхий удаан хэрэглээд, дэлгэцнээс хамааралтай болчихсон үед яваандаа нэг зүйлээ хэтэрхий удаан хийдэг, нэг ёсондоо донтох зуршлын суурь болдог.

    Дэлгэцэнд донтохгүй байхад эцэг, эхчүүд ямар нөлөөтэй вэ?

    Судлаачдын зүгээс эцэг, эх нь амьд харилцаатай, хүүхэдтэйгээ ярилцдаг, цаг гаргадаг бол хүүхэд нь дэлгэцэнд донтох магадлал бага гэж үзжээ. Донтсон хойно эрүүл зан төлөв хөгжүүлэх, зорилготой болгох, сэтгэлзүйг нь аврахад маш удаан хугацаа зарцуулдаг. Хятадад дэлгэц, компьютер тоглоом, цахим орчноос хиймэл сэтгэл ханамж ихээр авдаг, донтсон хүүхдүүдийн сэтгэл зүйг эмчилдэг, донтолтоос нь салгадаг тусгай хуаранд өндөр төлбөртэйгээр эмчлүүлж байна. Ээж, аавуудын хувьд өөрсдөө дэлгэцийн хэрэглээндээ хяналт тавьж, хязгаарлах хэрэгтэй.

    Хүүхэддээ зөв дадал суулгах “Гэрийн дүрэм”-ийн талаар:

    Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд өөрсдөө харин түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн хувьд гэрийн хурлаар “Гэрлийн дүрэм”-ийг зохиож, тохиролцох нь зүйтэй. Үүнд:

    • 21:00 цагт унтах,
    • Ээлжилж аяга тавгаа угаах,
    • Бусадтайгаа тоглоомоо хуваалцах зэрэг зүйлс багтаж болно.

    Хэт олон дүрмийг бичих шаардлагагүй. Тухайн үедээ тохируулаад дээд тал нь таван дүрэм байхад хангалттай гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ