• Хууль санаачлах эрхийг нь хязгаарласан гэх Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа

    Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын их хурлын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хязгаарласан гэж үзэж хориг тавьсан юм.

    Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 77,9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Дараа нь тогтоолын төслийг баталлаа.

    Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрүүгийн болон иргэний хууль, төсөв, татварын хууль зэрэг мэргэжлийн яамны боловсруулбал зохих хууль, тогтоомжийг Улсын Их Хурлын гишүүн, мөн түүнчлэн Ерөнхийлөгч санаачилдаг байдлыг болиулах, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдол бүхий хуулиудыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэл, зөрчилгүйгээр боловсруулан баталж, сайжруулдаг байх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг дэлхийн улс орнуудын жишиг, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн хуулиар зөв тогтоох зэрэгт чиглэсэн болно.

    Гэтэл Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэж үзэн Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ