• Эмэгтэй гишүүд архидалт,хүчирхийлэл,соён гэгээрэл,ажил эрхлэлт зэрэг асуудлуудаар ажиллана гэв

    2020-08-20

    Найм дахь удаагийн  парламентад сонгогдсон 13 эмэгтэй гишүүн албан ёсны бүлэг байгуулж, бүлгийн даргаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл сонгогджээ. Нам, эвслээс үл харгалзан нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд ажиллана гэдгээ тэд өнөөдөр мэдэгдэв. Эмэгтэй гишүүд тухайлсан нэг сэдвийг ахалж, бусад гишүүд нь дэмжин ажиллах аж.

    БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

    Нийгмийн болж бүтэхгүй зүйлсийн суурь болж байгаа архидалттай тэмцэх чиглэлээр ажиллаж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр ажлын хэсэг гарч ажиллаж байна. Архидалтаас гадна хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудал нийгмийн тулгарсан асуудлууд болсон. ЦЕГ-ын Хэв журмын хэлтэст Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн асуудал хариуцсан нэгжийн орлогч даргаар эмэгтэй хүн томилуулж чадсан.

    УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

    Ядууралд хамгийн их өртөж байгаа нь эмэгтэйчүүд, өрх толгойлсон ээжүүд байгаа учраас бид энэ чиглэлээр дорвитой ажлуудыг хийнэ. Мөн архины хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хавдрын өвчлөл зэрэг бидэнд хийх ёстой ажлууд олон байна. Энэ олон чиглэлээс өөрсдийн мэргэжил, харъяалагдах байнгын хорооныхоо хүрээнд сонгон, хариуцан ажиллах болно.

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

    Хүмүүсийн үрэлгэн хэрэглээнээс үүдэлтэй байгаль орчны бохирдол хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Агаарын бохирдол, усны хомсдол, газрын доройтол, байгалийн гамшигт үзэгдлүүдийг нэрлэж болно. Монголчуудыг эрт үеэс байгаль эх дэлхийтэйгээ зөв харьцаж  ирсэн уламжлалтай ард түмэн. Энэ уламжлылг хойч үедээ өвлүүлэх, цаашлаад ногоон эдийн засаг, технологийг нэвтрүүлж, иргэн бүрийн оролцоо, эдийн засгийн хувьд дэмжих, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллана.

    УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

    Миний хувьд соёл, соён гэгээрүүлэх чиглэлээр мөн хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг анхаарч ажиллана.

    УИХ-ны гишүүн М.Оюунчимэг:

    Хүүхдийн мөнгийг халамж хэлбэрээр өгөх биш , хүн амын өсөлтийн бодлого, гэр бүлийн хөгжлийн бодлоготойгоо уяад, цаашид төсөвт мөнгийг суулгаж, байнга тогтмол өгдөг болгох нь зүйтэй гэж үзэж байна. Нэг ёсондоо улсын бодлого болгоод явуулдаг чиглэл рүү явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг эмэгтэй гишүүд маань илэрхийлж байна. Мөн айл өрх орлоготой байх нь нэн тэргүүний асуудал учраас өрхийн бизнесийг дэмжсэн бичил зээлийг эмэгтэйчүүд, өрх толгойлсон аавууд, эмзэг бүлгийн хүмүүст олгох нь их үр дүнтэй гэж харж байна. Хууль гаргахдаа санхүүжилтийн механизмыг нь давхар шийдэж өгөхгүй болохоор тэр хууль хөрсөн дээрээ очоод хэрэгжихгүй байна.

    УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

    Хүнээ хөгжүүлж, хүнээ дээдэлсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх хариуцлага бидэнд ирсэн. Тиймээс УИХ-д сууж буй эмэгтэй гишүүд хүний хөгжлийн бодлогод зайлшгүй анхаарлаа хандуулан манлайлан ажиллана. Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг байгуулсан. Гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл төдийгүй ажлын байр гэх мэт бүх салбарт хүчирхийллийг зогсоохоор манлайлан ажиллана.

    УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

    Эмэгтэй гишүүдийн бүлгийн дараагийн хийх ажил бол цахим орчин дахь хүчирхийлэл. Цахим орчинд хүүхэд, эмэгтэйчүүд гэмт хэргийн золиос болж байна. Өнгөрсөн гурван жилд цахим гадуурхалтын улмаас нэлээд олон хүн амиа алдсан байна. Гэтэл үүнийг хоёр сая төгрөгөөр торгоод өнгөрөх нь цаашид гэмт хэргийн хор хохирлыг багасгахад саад болж байгаа тул цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах зорилго тавьж ажиллана.

    УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:

    Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал гэхээр хүүхдийн асуудал хөндөгдөж байдаг. Бид эмэгтэйчүүдийн бэрхшээл зовлонг үр дүнтэй шийдсэнээр Монгол Улс хөгжинө.

    УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 

    Монгол Улсад сүүлийн арван жилд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин буурсан. Олон улсын байгууллагаас ч энэ асуудлыг анхааруулж ирсэн. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас эхлээд эмэгтэйчүүд ажил хөдөлмөрөө эрхлэхэд саад болдог зүйл их. 21 аймаг есөн дүүрэгт насан туршийн боловсрол олгох төв ажиллаж, 300 гаруй мянган хүн хамрагдаж, 4 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Эмэгтэйчүүд цаашид сурч хөдөлмөрлөх боломжийг бий болгох чиглэлд ажиллах шаардлагатай. Тиймээс энэ чиглэлд хууль тогтоомж, төсөл хөтөлбөрөөр хамтран ажиллана.

    УИХ-ын гишүүн Г.Ундрам: 

    107 мянга гаруй тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашгийн төлөө  дуу хоолойгоо өргөх болно. Нэгдүгээрт тусгай хэрэгцээт иргэдтэй холбоотой нэр томъёоны асуудлыг нэн түрүүнд анхаарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил суралцах, ажиллах гээд хангагдахгүй байгаа эрхийг хангах чиглэлд ажиллана.

    УИХ-ын гишүүн П.Анужин:

    Бүлгийн бүсгүйчүүдийн санаачлан, удирдан чиглүүлж явах ажилд идэвхтэй оролцож, дэмжинэ. Миний хувьд үндэстэн улс үндэс оршин тогтнож байгаагийн чухал зүйл болон өв соёлын чиглэлд ажиллана. Бид өнөөдрийг хүртэл ирсэн өв соёлыг хэрхэн цааш өвлүүлэх вэ гэдгийг хүн бүр бодох ёстой. Өв соёлтой холбоотой хууль хэрхэн хэрэгжиж буй, шаардлагатай бол хууль санаачлах, шинэчлэх асуудалд ажиллана.

    УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 

    Бид тухайлсан сэдвийг хариуцаж бусад нь дэмжин ажиллана. Би өөрийн хариуцаж буй ажлыг танилцуулъя. Архидалт гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл гээд бүх салбарт хамаарч байгаа тул энэ сэдвийг онцлон ажиллана. Эрчүүдийн эрүүл мэндийн асуудалд мөн анхаарна.

    УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

    Миний хариуцаж авсан сэдэв бол залуучуудын хөгжил. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудалд шат дараалсан арга хэмжээг ЗГ, УИХ авч хэрэгжүүлнэ гэж бодож байна. Залуучуудын хөгжил гэдгийг жинхэнэ утгаар нь авчрах хууль эрхзүйн орчин, дэд бүтцийг бий болгох чиглэлд бид хамтран ажиллана.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Нэгдэж чадвал болж байна шүү … Үнэхээр л үөь эхлэхээр харагдаж байна     Амжилт хүсье хүүхнүүддээ … 

    Холбоотой мэдээ