• МУИС-ийн багш, доктор Д.Анхбаяр:”Сударын чуулган”-ыг перс хэлнээс орчуулна

    МУИС-ийн багш, түүхийн ухааны доктор Д.Анхбаяр араб, исламын орнууд дахь Монголын түүхтэй холбоотой сурвалжуудыг судалж, ШУ-нд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа залуу.

    Тэрбээр энэ удаа Монголын түүхийн нэгэн гайхамшигтай сурвалж бичиг болох “Судрын чуулган”-ыг эх перс хэлнээс нь монголчлохоор ажиллаж эхэлснээ мэдэгджээ. Тэрбээр үүр номдоо ийнхүү бичжээ.

    “СУДРЫН ЧУУЛГАНЫГ ОРЧУУЛНА

    Би 2016 онд БНТУ-ын Анкарагийн Их Сургуульд “Ил хаант улсын визирийн тогтолцоо” сэдвээр доктор зэрэг хамгаалсан билээ. Эрдмийн зэрэг хамгаалсныхаа дараа эх орондоо ирж, МУИС-ийн Түүхийн тэнхимд багшлахын сацуу “Монголчуудын элдэв сонин” номыг перс хэлнээс монгол хэлнээ орчуулж (МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн), Доктор П.Дэлгэржаргалын удирдсан “Монголын эзэнт гүрний түүх” 5 ботийн “Цагадайн улс” (Р.Мөнхтулгын хамт), “Ил хаант улс” ботийг бичлээ (МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхим, Степпе паблишнгаас эрхлэн хэвлүүлсэн). Мөн Ил хаант улсын үед бичигдсэн Монголын эзэнт гүрний тухай өгүүлэх “Банакатын түүх”, “Хамдуллах Казвинигийн Сонгомол түүх”, “Шабанкарайгийн Ургуудын чуулган” зэрэг бүтээлийг перс хэлнээс монгол хэлнээ хөрвүүлэн 2020 ондоо багтаан гаргах ажлыг ид хийж байна.

    НЭМЭХ ИНҮ: Монголын түүхийн нэгэн гол сурвалж бичиг Рашид-Ад-Диний #СУДРЫН_ЧУУЛГАН-ыг перс хэлнээс монгол хэлнээ орчуулах ажлыг эхлүүлээд байгаа болно. Хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан уг нүсэр ажлын ард гарч, Монголын түүх судлалд эх сурвалжийн гал өрдөх нь миний нэгэн зорилго болой. Уг номын орчуулгыг мэргэжлийн талаас Б.Чинзориг ахлагчтай баг, монгол хэлний талаас Г.Баттогтох ахлагчтай баг хариуцан хянан шүүж ажиллана. Бид энэхүү ажлыг ойрын 3-4 жилдээ багтаан төгсгөх зорилготой байгаагаа дуулгая. Дэмжин туслах, хамтран ажиллах сайн санаат, эрдэм оюут хүмүүсийг урьж байна.

    Мөнх тэнгэр Монгол түмнийг өнөд ивээх болтугай” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ