• ФОТО:Газрын тосны үйлдвэрийн голлох байгууламжууд 2024 он гэхэд баригдаж дуусна гэв

    2020-08-19

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ын сайд Г.Ёндон болон бусад холбогдох албаны хүмүүс шинээр баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцлаа. 2023 онд ашиглалтад хүлээлгэн өгнө гэж байсан боловч коронавирусын цар тахлын улмаас хугацаа тодорхойгүй байдлаар хойшилсоор байгаа аж.

    2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр үйлдвэр нээлтээ хийснээс хойш авто зам, төмөр зам, ус, цахилгаан, дулааны асуудлаа шийджээ. “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал,доктор Д.Алтанцэцэг үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар танилцууллаа.

    Ингэхэд үйлдвэр бүрэн ашиглалтад орох хүртэл дөрвөн шатыг дамжинэ гэлээ:

    • Технологийн бус барилга, байгууламж

    Үүнд гал команд, агуулах сав, оффис, эмнэлгийн анхны тусламж, ус дамжуулах цахилгааны хангамж, худаг, худгийг холбосон нарийн шугам хоолой, ус цуглуулах байгууламж зэрэг 12 барилга байгууламжийг барих юм.

    • Анхдагч процессийн болон дагалдах байгууламжууд
    • Дулааны цахилгаан станц
    • Лицензтэй технологийн байгууламж

    Үйлдвэр нь нийт 12 технологийн байгууламжаас бүрдэх бөгөөд үүнэс 7 нь лицензтэй технологи юм.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Алтан гартай, бурхан ухаантай, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хүч чадлаа зориулж яваа инженер, техникийн ажилчид байна. Газрын тосны үйлдвэр бол Монголын ард түмний хүсэл мөрөөдөл. Тэрхүү хүсэл мөрөөдлийг ажил хэрэг болгохоор зүтгэж байна гэж үзэж байгаа. Ерөнхий сайдын хувьд Монгол Улс эрчим хүч, газрын тос, хүнс, гангийн үйлдвэр, цементийн үйлдвэрийг дотооддоо шийдэх ёстой гэж боддог. Газрын тосны үйлдвэр бол улсын эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Бид 1.2 тэрбум ам.доллараар шатахуун авж байна. Бид газрын тосны үйлдвэртэй болвол энэ мөнгө монголдоо үлдэнэ, монгол хүн монгол мөнгөөрөө бензинээ авдаг болно. Дагаад долларын ханш унана. Улс орны маань амин чухал ажил учраас энэ үйлдвэр цаг хугацаандаа ашиглалтад орох ёстой” гэв.

    Харин “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал,доктор Д.Алтанцэцэг  үйлдвэрийн гол байгууламжууд 2024 он гэхэд бүрэн дуусна гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ