• Зээлийн хүүг ирэх 4 жилийн хугацаанд 4 хувиар бууруулахаар төлөвлөжээ

    2020-08-19

    Зээлийн хүүг ирэх 3-4 жилийн хугацаанд дөрвөн хувиар бууруулахаар төлөвлөн, тусгасан тухай Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

    Зээлийн хүүг гурван хувь болго гэж жагсаж байна. Сонгуулийн дараа шинээр байгуулагдсан УИХ-ын анхны чуулган дээр УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж, тогтоол гаргаж ажиллана гэдгээ хэлсэн. Б.Жавхлан, Р.Баттөмөр, Г.Амартүвшин, Ч.Ундрам, Х.Булгантуяа гишүүд, Монголбанк, СХЗ-ноос бүрэлдэхүүнд нь орж, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

    УИХ-ын даргад эхнийхээ төслийг танилцуулсан. Өнөөдөр өглөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд, дэмжигдсэн байна. Банкны салбараас гаргаж байгаа зээлийн дундаж хүү 16.3 хувьтай байна. Зээлийн хүү сүүлийн дөрвөн жилд дөрвөн нэгжээр буурсан. Сүүлийн 30 жилтэй харьцуулахад энэ дөрвөн жил хамгийн сайн буурсан.

    Бидний боловсруулж байгаа арга хэмжээний төлөвлөгөөнд яг энэ эрчийг алдагдуулахгүйгээр, 3-4 жилийн хугацаанд  дөрвөн нэгжээр бууруулахаар зорьж боловсруулсан.

    Үүнийг зоригтой шийдвэр болсон гэж үзэж байна. Олон улсын эдийн засаг, харилцааны хувьд таагүй нөхцөл байдал үүссэн ч Монголбанкны зүгээс зээлийг хүүг бууруулахаар шийдвэрлэсэн.

    Гудамжинд жагсаж байгаа гурван хувь болго гэсэн нь олон нийтийг өөртөө татах гэсэн популист гэж харагдаж байна. Банкны системийн зээлийн хэмжээ 17 их наяд байгаа нь улсын төсвөөс 170 хувь дахин том байна. Гурван хувь гэдэг нь зөвтгөөд байхаар, үндэслэлтэй тоо биш. Хэрвээ гурван хувь болговол олон иргэдийн хуримтлал, хадгаламжийг үнэгүйдүүлнэ. Жагсаал хийгээд байгаа гурван хувь нь ямар ч тооцоололгүй, үндэслэлгүй зүйл” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ