ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг түтгэлзүүлдэг, чөлөөлдөг байдлыг ЗОГСООНО

2020-08-18

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах эрх зүйн шинэчлэгийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна. Ингэхдээ шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд ҮАБЗ-өөс шүүгчдийг томилдог асуудлыг нэн тэргүүнд зогсоохоо мэдэгдлээ.

Хараат бус шүүх засаглалыг авч үлдэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бус, бие даасан байдлаар байгуулах, орон тооны гишүүдтэй болгох зорилтыг дэвшүүлж байгаа. Аравдугаар сарын эхний хэлэлцэх асуудлаар Шүүхийн төрөлжсөн хууль орохоор бэлтгэл ажил хийгдэж байгаа. Үүнтэй зэрэгцэж Шүүгчийн сахилгын хороо гэх Үндсэн хуулийн байгууллага байгуулагдана.

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх, чөлөөлөх цонхыг нэн яаралтай хаахгүй бол Монгол Улсад хараат бус шүүх засаглал устана.

Тийм учраас бид энэ цонхыг нэн тэргүүнд хаахыг зорьж байна.

Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэг болгоно

Мөн иргэний болон захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хараат бус Шүүхийн Ерөнхий зөвлөлд харьяалуулах саналыг томъёоллыг боловсруулж дууссан. Шүүхийн шийдвэр гарцаагүй хэрэгжих ёстой. Харамсалтай нь шүүхээр явж, явж нэг цаастай болдог, тэр цаас нь шийдвэр гүйцэтгэл дээр очоод цаас хэвээр үлддэг. Өнөөдөр иргэний шийдвэр гүйцэтгэл 30 хувьтай байна. Иргэний шийдвэр гүйцэтгэгчдийг урамшуулал байхгүй болсноор шийдвэр гүйцэтгэлэийн төвшин энэ төвшиндөө уначихаад байгаа. Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэл үүнээс ч дор байгаа. Захиргааны хэргийн шүүх бол иргэн, төр хоёрыг тэнцвэржүүлдэг зүйл.

Ингэснээр шүүхийн шийдвэр гарцаагүй хэрэгждэг болно.

Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхэлнэ

Хорих ял хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь гүйцэтгэх засаглалдаа байна. Ял эдлүүлэх үйл ажиллагааны хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж чадалгүй гурван жил болж байна. Манай Эрүүгийн хууль доголон үйлчилж байгаа. Энэ бол хүмүүжлийн ач холбогдол өндөртэй ял. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй шоронд хорьж, засвар хүмүүжил олгохоосоо илүүтэйгээр эвдрэх эрсдэлтэй гэж судлаачид үздэг. Тиймээс эхний удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бол өөрийн оршин буй нутаг дэвсгэртээ ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгож, засч хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Энэ ялыг хэрэгжүүлэх зорилгоор өмнөх сайдын үед нийт 14.6 сая ам.доллараар аймгуудад хяналтын байр, сав барих гэж байсан. Миний хувьд санхүүжилт олгох талтай ярилцаж, зориулалтыг нь өөрчилсөн. Өнөөдөр мэдээлэл, технологи хурдацтай өөрчлөгдөж байна. 40 тэрбум төгрөгөөр энэ ялыг хэрэгжүүлэхгүйгээр технологийг ашиглаж,хэд дахин бага өртгөөр энэ ялыг хэрэгжүүлэх судалгаа хийгдэж байгаа. Удахгүй Засгийн газарт танилцуулна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ