• 299 сая ам.доллар төсвийн дэмжлэг хэлбэрээр орж ирсэн

    УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үдээс хойших хуралдаанаар 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Түүхэнд байгаагүй их хэмжээний алдагдалтай төсвийг батлах гэж байна. Бүх зүйлийг ковид руу чихэх хэрэггүй. Өмнөх Засгийн газрын үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ таатай байсан. Ер нь бол төсвөө тодотго гэдэг зүйлийг бидний зүгээс их хэлж байсан ч тодотгохгүй гэсэн. Сангийн сайд төсөв дээрээ хүн амын тоонд харьцуулж төсвөө батламаар байна. Төсвийн тодотголоор маш олон зүйл хасагдсан байна. Олонх, цөөнх гэхгүйгээр хүн амын тоонд харьцуулж хийж баймаар байна. Төсвийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувиас хэтрүүлэхгүй байх ёстой гэж Ч.Хүрэлбаатар сайд та байнга хэлдэг байсан. Гэтэл өнөөдөр энэ хууль үйлчлэхгүй, дураараа дургидаг болжээ. Хямралын үед ажлын байр маш чухал. Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэж байгаа нь хаана хүүхдээ өгөх вэ, эцэг эх нь ажил хийх боломжгүй болох нь ээ. Хүүхэд харах үйлчилгээ бол зардлаа нөхдөг, ажилтай байлгах чухал хөшүүрэг болдог”.

    УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөв хуваарилалтыг улсын хөгжил, салбарын бодлого зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Хүн амын нягтаршлаар нь хуваарилалт хийх боломжгүй. Төсвийн хөрөнгө оруулалт дотор үр ашиггүй зүйл ордог ч аль болох бууруулж, зөв бодлого баримтлах нь зөв. Ковид дэлхийн эдийн засгийг айлгаж байна. Дэлхийн том орнуудын эдийн засаг нурж унаад байхад бид чадхаараа л арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Нэг асуудлыг дэмжихийн тулд нөгөө асуудлыг нь үгүйсгэж болохгүй”.

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийсэн. Хоёр настай хүүхэд цэцэрлэгт ороод 70 хувь өвддөг гэсэн судалгаа бий. Тиймээс хүүхдүүдийг эцэг, эхийнх нь халамжид байлгаж, эцэг эхийг нь онлайнаар ажлаа хийх боломжийг олгох нь зөв болов уу гэж бодож байгаа”.

    УИХ-ын гишүүн Т.Доржханд “Төсвийн үр дүнгийн үзүүлэлтийг сайжруулахын тулд төсвийн тодотгол хийдэг. Орлого алдаж байгаа үед зарлага бууруулах, хуучин түвшинд нь оруулах ёстой, ийм боломж байна уу. Төсвийн алдагдал өссөн тохиолдолд тоо муудаж, зээлжих зэрэглэл буурна. Бид ирэх жил бондын өр төлөх ёстой. Тэгэхээр ирэх жилүүдэд төлөх бондуудаа хэрхэн тооцож байна вэ. Дотоодын бондын зах зээл нээж байгаад талархаж, дэмжиж байна. 2020 оны төгсгөлд ханшаа хэд байхаар тооцож байна вэ. Ковидтой холбоотойгоор 870 сая ам.доллар оруулж ирэхээр болсон гэж байна. Төсвийн дэмжлэг бол нээлттэй мэдээлээч. Гадаадад гацсан иргэдтэй холбоотой ямар нэг төсөв байна уу. Төсвийн тодотгол дээр нийгмийн халамжийн чиглэлээр маш өндөр тоо тавьсан байна. Энэ оны хувьд ажлын байр хадгалах, шинээр бий болгох чиглэлээр ямар ажил төлөвлөж байна вэ”.

    УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийг сайжруулахын тулд тодотгол хийдэг ч дэлхий нийтээрээ ковидтой холбоотойгоор төсөв нь сайжирсан зүйл алга байна. Бразил гэхэд 6-7 хувийн алдагдалтай төлөвлөсөн бол одоо 18 хувиар гэх мэт дэлхийн ихэнх орнууд төсвийн алдагдлаа нэмчихсэн байна. Гэхдээ бид 2021 он, цаашид нөхцөл байдал эерэгээр шийдэх гарц ирнэ гэж энэ жилдээ ингэж хийж байгаа. Төсвийн алдагдалтай холбоотойгоор зээлжих зэрэглэл буурч, нөлөөлнө. Зээлжих зэрэглэл унавал бондын хүүнд нөлөөлнө. Гадны зээл тусламж нэг хэсэг нь орж ирж төсвийн дэмжлэг, нөгөө хэсэг нь төсөл болж орж ирж буй. 299 сая ам.доллар төсвийн дэмжлэг хэлбэрээр орж ирсэн. Цаашид Жайка, Азийн дэд бүтцийн хөгжлийн банкнаас төсвийн дэмжлэг авахаар гэрээ хэлцэл хийгдэж байна. Мөнгө өгч байгаа хүмүүс нь өөрсдөө маш хатуу хяналт тавьдаг учраас хэн нэгний гарын салаагаар урсана гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ бид энэ бүх зүйл дээр аудит хийлгэж, зарцуулалтыг тайлагнаад явна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ