• Соёлын сайд С.Чулуун музей, галерейн ажилчидтай уулзаж, хүүхэд багачуудад чиглэсэн бодлогод анхаарч ажиллахыг зөвлөлөө

    Соёлын сайд С.Чулуун амралтын өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерейн үйл ажиллагаатай танилцлаа. Түүний энэхүү ажил албан ёсны биш бөгөөд тэрбээр амралтын өдрүүдэд музей, галерейн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, коронавирусний халдварын улмаас жуулчидгүй болсон энэ цагт иргэдээ хэрхэн яаж татах бодлого барин ажиллаж байгаатай танилцахаар гэнэтийн байдлаар ажилласан нь энэ юм.

    Музейн ажилчид Соёлын сайд С.Чулуунтай үйл ажиллагааныхаа талаар ярилцаж, коронавирусний халдварын улмаас үйлчлүүлэгч цөөрч, өдөрт 10 гаруй иргэд үйлчлүүлж байгаа талаар дурдлаа. Мөн үйл ажиллагаа явуулахад байр, засвар шинэчлэлийн асуудал тулгамдаад байгааг ч танилцуулсан юм.  

    Харин Соёлын сайдын зүгээс музейн ажилчдад нэг л зүйлд анхаарлаа хандуулан ажиллахыг захилаа. Тодруулбал, өв соёл, түүхээ хойч үедээ таниулах, олон нийтэд сурталчлахдаа хүүхдүүд рүү чиглэсэн бодлогод маш сайн анхаарч ажиллах ёстойг онцлон захиж байв. Учир нь хүүхдүүд музей, галерейг сонирхож очдог ч музейн зүгээс яг хүүхдүүдэд зориулсан бүтээл тун ховор байдаг аж. Мөн хүүхэд багачуудад чиглэсэн шинэ үзвэр, үйлчилгээний төрлүүдийг нэмэгдүүлэх талаар саналаа хэллээ. Тодруулбал, орчин үеийн технологийн дэвшлүүдийг ашиглаж сонирхолтой шийдэл эрэлхийлэх нь зүйтэй гэв.

    Хэдийгээр музей, галерейд байгаа өв соёл, бүтээл, уран зураг, эртний хаад ноёдын эдлэл хэрэгсэл, бурхадын бүтээлтэй танилцаад өнгөрч байгаа ч түүхийн үзмэрээр хүүхдүүдэд чиглэсэн эвлүүлэг тоглоом хийх, техник технологи хөгжсөн энэ цагт үзмэр үйлчилгээг цахимжуулж, гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц хийх нь хүүхдүүдийн сонирхлыг улам илүү татах болно гэдгийг ч зөвлөж байв.

    Мөн боловсролын өрөөтэй музей, галерейг өрөөгөө сайтар ашиглаж, хүүхэд залуусын чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх дуртай газар болгоход анхаарч ажиллахыг хүссэн юм.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ