• А.Амбасэлмаа: 627 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй, 4 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

    ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  21.2 сая хүн өвчилж, 769 мянган хүн нас барж, 14 сая хүн эдгэрээд байна.  24 цагийн хугацаанд 294 мянган хүн шинээр өвчилсөн нь коронавирус гарснаас хойш хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол боллоо. Мөн нэг өдрийн дотор 9000 гаруй хүн нас барлаа.

    Манай хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 5069 хүн шинээр өвчилж, 119 хүн нас баржээ. Сүүлийн нэг сарын хугацаанд Японд өвчлөл  эрс нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1232 хүн шинээр коронавирусийн халдвар авч, 12 хүн нас баржээ. Өнөөдөр бид та бүхэнд 276 дахь удаагийн хэвлэлийн хурлаа хийж, үнэн бодит мэдээллээ өгч байна. Бидэнтэй 8 сарын турш коронавирусийн халдварын эсрэг хамтран тэмцэж байгаад баярлалаа. Тиймээс цаашид ч амны хаалтаа сайн зүүж, гараа угаахыг зөвлөж байна.

    Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 544 хүн шинээр орж, 139 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор тусгаарлалтад 3627 хүн байна. 24 цагийн 119 тоот дугаарт 154 дуудлага ирж, зөвлөгөө, зөвлөмж авлаа” хэмээлээ.

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “2020 оны наймдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 627 хүнд шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй.  Наймдугаар сарын 1-нд, 15-ны өдөр Сөүлээс ирсэн 500 орчим хүний давтан шинжилгээг хийсэн.  Бүгдэд вирус илрээгүй.

    Өнөөдөр 4 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. 34, 33, 35, 29 настай энхийн сахиулагчид. Ингээд Монголд батлагдсан тохилдол 298, эдгэрсэн 276 хүн байна. Одоо ХӨСҮТ-д 22 хүн эмчилгээ, ажиглалт тандалдад байгаа.  20 хүний биеийн байдал хэвийн, хоёр хүнийх хүндэвтэр байна. Өнөөдөр ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмэгтэй амаржиж, охинтой болсон” хэмэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ