С.Амарсайхан:Аймаг, сум, дүүрэг, нийслэлийн Засаг дарга нарын эрх, үүргийн давхацлыг арилгах ёстой

2020-08-12

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр  “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Манайх шиг газар нутаг томтой, цөөхөн хүн амтай, тархай бутархай эдийн засаг улс орныг хөгжихийн суурь болсон асуудлуудыг шийдвэрлэх Үндсэн хуулийн дараахь “Үндсэн хууль” гэж хэлж болохоор хууль бол нэгжийн тухай хууль.  Нэгжийн хуулийн суурь зарчим нь:

  • Засгийн газар орон нутгийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох
  • Төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх, үүргийг оновчтой тодорхойлох
  • Орон нутгийн байгууллагын эрх, үүргийн хэм хэмжээг тогтоож өгөх асуудал юм.

Өөрөөр хэлбэл, орон нутагтаа засаглах замаар нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэх чиглэлийн эрх мэдлийн хүрээг маш тодорхой зааж өгөх хэрэгтэй.

Ингэхдээ эрх зүйн талаасаа илүүтэйгээр эдийн засгийн уялдаа холбоог нь харахгүй бол өнгөрсөн хугацаанд эдийн засгийн талыг нь орхигдуулж ирсний улмаас аймаг, орон нутаг хөгжихгүй, цаашлаад улс орон урагшлахгүй сөрөг үр дагавар гарсан.

Орон нутаг өөрөө өмчтэй, өмчөө захиран зарцуулна гээд заачихсан байгаа мөртлөө Төсвийн тухай, Төрийн удирдлагын тухай хуулиараа тэр боломжийг нь хаачихсан байдаг.

Дагалдах хуулиуд дээр нь орон нутгийн саналыг авч хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Орон нутгаас саналаа өгсөн ч Сангийн яам, УИХ ингэж шийднэ гээд орон нутгийн санал хий дэмий хаягддаг. Энэ асуудал энэ хэвээрээ явбал энэ удаагийн хуулийн шинэчлэл амьдрал дээр үр өгөөөжөө өгөхгүй.

Аймаг, сум, дүүрэг, нийслэлийн эрх үүрэг өмнө нь яг адилхан байсан. Нийслэлийн хувьд УИХ-аар хөгжлийн үзэл баримтлалаа батлуулаад, тэрнийхээ хүрээнд нийтийн зориулалтаар ашиглана, тохижуулна гэсэн газрыг нь дүүргийн Засаг дарга барилга барина гээд газрыг нь олгочихсон байдаг.

Дүүргийн Засаг дарга газар олгодог яг ижилхэн эрх, үүрэгтэй.  Ингэснээр эрх, үүргийн зөрчилдөөн гарч, нийгэм, эдийн засгийн сөрөг дүн гардаг. Тиймээс эдгээрийн эрх, үүргийн давхацлыг арилгах ёстой” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ