• Монголбанк:Хэрэглээний зээлээ 6 сараар хойшлуулсан иргэд ДАХИН 6 сараар сунгах боломжтой

    2020-08-07

    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хуралдаж, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан шийдвэрийг арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болсныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

    Ингэснээр зээлээ сунгаж чадаагүй иргэд арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл банкиндаа хандан, зээлээ сунгах боломжтой болж байгаа юм.

    Өмнөх шийдвэрийн хүрээнд нийт 76 мянган орчим иргэд нийт 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө хойшлуулжээ. Ийнхүү шийдвэрийн хугацааг сунгаснаар зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, банкны системийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болно гэж үзжээ.

    Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Дөрөвдүгээр сарын 13-ны хурлаар коронавирусын улмаас бий болсон хүндрэлийн улмаас хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, 12 сараар сунгаж болно гэсэн шийдвэрийг гаргасан. Банкиндаа хүсэлтээ гаргаж, зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулах хугацааг долдугаар сарын 31-нээр заасан байсан. Цар тахлын нөхцөл байдал тодорхой бус хэвээр байгаа учраас шийдвэрээ сунгаж байна.

    Энэ шийдвэрийн хүрээнд өмнө нь хүндрэлд ороогүй байж байгаад одоо хүндрэлд орсон иргэд зээлээ сунгах боломжтой болж байна.

    Нэг зээлдэгч хэрэглээний зээлээ 12 сараар сунгах боломжтой.

    Өмнө нь зээлээ зургаан сараар сунгасан бол дахиад зургаан сараар сунгах боломжтой. Харин зээлээ сунгаж чадаагүй иргэд 12 дугаар сарын 31 хүртэл боломжийг ашиглах боломжтой” гэлээ.

    Хэрэглээний зээлд цалин, тэтгэвэр, бусад өрхийн зээлүүд багтана.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ