• А.Амбасэлмаа: Энхийг сахиулагч 14 цэрэг эдгэрч, эмнэлгээс гарлаа

    ЭМЯ-наас хийдэг өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  18 сая 434 мянган  хүн өвчилж, 699 мянган хүн нас баржээ. 12 сая гаруй хүн эдгэрcэн байна.  24 цагийн хугацаанд 219 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн эндсэн байна.

    ДЭМБ-аас олон нийтийг коронавирусийн халдвар авахаас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, шинэ тохиолдлын тоог нэмэгдүүлэхгүй байж халдвар авсан хүнийг эрт илрүүлж, тусгаарлах тандалт судалгааг эрчимтэй хийхийг уриалсан байна. Мөн зөвхөн коровирусээс гадна бусад халдварт өвчнөөс маш сайн урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 24 цагийн дотор Энэтхэг, Бразил улсад 51 мянга, АНУ 49 мянган хүн шинээр халдвар авсан байна.

    ОХУ-д 24 цагийн дотор 5000,  БНХАУ-д 109 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Япон улсад 691 хүн өвчилж, нэг хүн эндсэн байна.

    Дэлхийд коронавирусийг хяналтандаа үлгэр жишээ байсан зарим орнууд болох Япон, Австрали улсад өвчлөл дахин дэгдэж байна. 24 цагийн дотор Япон улсад 1239 хүн өвчилж дөрвөн хүн эндсэн байна. Өмнө нь Токио хотод халдвар ихээр  илэрч байсан бол өчигдрөөс Окинавад халдвар огцом өссөн байна. Тиймээс энэ мужид онц байдал зарлаж, архи, тамхины хэрэглээг хязгаарласан байна. Мөн Япон улсад коронавирусийн өвчин туссан хоёр хүний гэрийн тэжээмэл муурнаас коронавирус илэрсэн байна.

    Манай орны хувьд  ажиглалтад шинээр 74 хүн орж, 25 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2823 хүн ажиглалтад байна. Үүргийн онгоцоор ирсэн 76 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна.

    24 цагийн хугацаанд 119 дугаарт 103 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын Япон улсаас нэг иргэн холбогдож, зөвлөгөө авсан” гэв.

    Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны наймдугаар сарын 04-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар, нийтдээ 615 хүний сорьцоос шинжилгээ авахад бүгдийнх нь сорьцод коронавирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг дэлгэрэнгүй танилцуулъя.

    -2020 оны долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдийн  давтан шинжилгээ

    -2020 оны долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдийн давтан шинжилгээ

    -2020 оны долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн 48 хүний давтан шинжилгээ

    -ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2  хүний давтан шинжилгээ,

    -Ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй 19 эмч ажилтны шинжилгээ,

    -Эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байсан 16 хүний давтан шинжилгээ,

    -Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28  жолоочийн шинжилгээ,

    -Замын-Үүд боомтод ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа 100 жолоочийн шинжилгээ

    -Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2  хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

    Өнөөдрийн байдлаар халдвартын клиникээс 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. Эдгээр хүмүүс долдугаар сарын 12, 14-нд ирсэн энхийг сахиулагчид юм. Монголд батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн хүн 244, одоо 49 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 46 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр, нэг хүн хүнд байна. ХӨСҮТ-д 72 хүн ажиглалт, тандалтад байна. 2020 оны нэгдүгээр сарын 8-аас хойш ХӨСҮТ-ийн тандалт судалгаанд 16214 хүнийг хамруулсан байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ