• Монгол эрдэмтэд коронавирусын ЭСРЭГ БИЕИЙГ богино хугацаанд илрүүлэх оношлуурыг гарган авчээ

    2020-07-31

    ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ын Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академийн санхүүжилтээр хүний цус, сийвэнд SARS-CoV-2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна.   

    Уг оношлуур нь нь хүний цус, сийвэнд SARS-CoV-2 вирусын халдварын эсрэг бие үүсэн, дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлнэ. 

    Энэ нь дараах ач холбогдол, давуу талтай оношлуур юм. Үүнд:  

    • SARS-CoV-2 вирусын халдварын явцыг хянах 
    • Ковид19 өвчний эмчилгээний үр дүнг хянах
    • SARS-CoV-2 вирусын халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэх 
    • Тусгаарлалтад байх хүнийг сонгох (хэрэв уг вирусийн эсрэг дархлаатай бол тусгаарлах шаардлагагүй) 
    • Эмнэлгийн ажилтнууд SARS-CoV-2 вирусын дархлаатай эсэхийг мэдэх (хэрэв дархлаатай бол айх зүйлгүй өвчтөнтэй ажиллана) 
    • SARS-CoV-2 вирусын эсрэг дархлаа тогтцыг хянах, судлах 
    • Хүн амын дундах дархлаа тогтолцоо, “сүргийн” дархлааг тодорхойлох  
    • Хэрэглэхэд хялбар, аль ч зэрэглэлийн лабораторид ашиглаж боломжтой юм.

    Манай эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV-2-ийн оношлуур, түүнийг гарган авах технологи, цаашид үйлдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлийг бий болгосон энэхүү оюуны бүтээлийг ашиглаж уг оношлуурыг дотооддоо олноор үйлдвэрлэж эрүүл мэндийн салбарын шинжилгээ болон судалгаанд ашиглах бүрэн боломжтой. Улмаар вирусын халдвараас сэргийлэхэд зарцуулагдаж буй хөрөнгө зардал, гадаадаас ийм төрлийн оношлуур худалдан авах валютыг хэмнэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ