Сар хүрэхгүй хугацаанд шүүхээс зургаан хэрэгт холбогдуулан нийт 21 хүнд хорих ял оноожээ

2020-07-23

Шүүх хурлууд ар араасаа явагдаж, сар хүрэхгүйн хугацаанд  зургаан хэрэгт холбогдуулан нийт 21 төрийн өндөр албан тушаалтнууд болон бусад дунд шатны алба хаагчид, бизнесмэнүүдэд ял оноов. Хорих ял сонссон 21 хүний гурав нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан ба С.Баярыг Оюутолгойн гэрээ болон “Петровис” ХХК-д давуу байдал олгосон хэргээр, М.Энхсайханыг Тавантолгойн асуудлаар, Ж.Эрдэнэбатыг албан тушаалын давуу байдлаа ашиглан хайгуулын талбай зарж борлуулсан хэргээр тус тус яллав.

Хорих ял сонссон нийт 21 хүнийг Оюутолгой, Тавантолгой, С.Зориг агсны хэрэг зэрэг зургаан төрлийн хэрэгт буруутгажээ. Энэ бүх хэргийг шүүх шударга шийдсэн үү гэдэг асуултын хариу маргаантай байна. Click To Tweet

Ялын хэмжээ болон ямар зүйл, заалтаар ялын хэмжээг тогтоосон талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

С.Баярт 5 жилийн хорих ял оноож, хууль бусаар олж авсан 5.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр болов

Хамгийн сүүлд өчигдөр  Ерөнхий сайд асан С.Баярт 5 жилийн хорих ял оноож, хууль бусаар 5.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр болов.

Шүүхээс С.Баярыг:

  • Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Оюутолгой төслийн хүрээнд “Айвонхоу Майнз Монголиа Инк”, “Айвонхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл холдингс” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг Засгийн газрын нэр бүхий гишүүдэд олгосон,
  • Албан тушаалаа ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трэдинг” ХХК, “Айвонхоу Майнз Монголиа Инк” компанитай Шатах, тослох материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж,тус компанид 418 тэрбум төгрөгийн орлого олох боломж олгосон,
  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж, Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын “Банк оф Америка” банк дахь өөрийн болон эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/-ийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож яллажээ.

Шүүхээс Ч.Даваанямд:

Харин шүүхээс Ч.Даваанямд хоёр жил хорих ял эдлүүлж,   5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг АНУ-аас хураах шийдвэр гаргав.

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцад гурван жилийн хорих ял оноов

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцад С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр гурван жилийн ял оноов. Түүнтэй хамт шүүгдсэн УЕП|-ын орлогч асан  Г.Эрдэнэбатад мөн адил гурван жилийн хорих ял оноов.

Уг хэрэгт нийт есөн хүнийг хамаатуулан шалгасан бөгөөд  мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр нарт Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын адил гурван жилийн хорих ял, харин мөрдөгч  Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, харин О.Бямбажавт хоёр жилийн хорих ял оноов.

Б.Хурц нарыг буруутгасан 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэг дэх заалтууд нь  гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн, хэрэг  бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан заалтууд юм.

Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноов

Сангийн сайд асан С.Баярцогтод Оюутолгойн гэрээг үзэглэхдээ бусдад давуу байдал олгосон хэргээр 10 жилийн хорих ял оноов.

Шүүхээс С.Баярцогтод:
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, дөрвөнх жилийн хорих ял,
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гурван жил хорих ял,
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр  жилийн хугацаагаар хасч гурван жилийн хорих ял тус тус нэмж нэгтгэн нийт 10 жилийн хугацаагаар хорих ял оноов.
С.Баярцогтыг шүүх хуралд“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Да.Ганболд, Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарын нийт долоон хүнийг хамтатган шалгасан юм. Ингэхдээ С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг Дубайн гэрээнд холбогдуулан шалгаж, ял оноов. 
“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асанДа.Ганболдод дөрвөн жилийн хорих ял оноов 
Шүүхээс Да.Ганболдод: 
“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан  Д.Ганболд, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ял оноосон байна.
2002 оны Эрүүгийн хуулийн дээрх заалтууд нь:
Гэмт хэрэгт санаатайгаар хамтарсан, гэмт хэргийн зорилгоо нэгдсэн зохион байгуулалттай үйлдсэн, уг гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн, улмаар гэмт хэргийг хамжин үйлдэж, дараа нь үүсэх үр дагавраас сэргийлэх ямар нэг амлалт өгсөн зэрэг зүйлчлэлтэй заалтууд юм.

Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханд дөрвөн жилийн хорих ял оноов

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханд Дубайн гэрээ буюу Оюу толгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөөг батлахдаа албан тушаал, эрх мэдлээ ашиглан хөрөнгөжсөн гэх хэргээр дөрвөн жилийн хорих ял оноов.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноов

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон хэргээр зургаан жилийн хорих ял оноов.

Шүүхээс Ж.Эрдэнэбатыг:

-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан хэргээр зургаан жилийн хорих ял оноов.

Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4.6 жилийн хорих ял оноов

Ерөнхий сайд асан М.Энхсайханд хорлон сүйтгэх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр 4.6 жилийн хорих ял оноов.

Шүүхээс М.Энхсайханыг:

  •  Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн удаа дараагийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын тогтоол зэргийг зөрчиж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ийн түншлэлд давуу байдал бий болгон Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан,
  •  “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ болон түүний хүүгийн нэр дээр үүсгэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр буюу 130.000.000 төгрөгөөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  хэргээр яллажээ.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт 5.5 жилийн  хорих ял оноов

УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд  асан Н.Номтойбаярт сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр 5.5 жилийн хорих ял оноов.

Шүүхээс Н.Номтойбаярыг:

-Сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Шижиржаргал, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Баттөгс, гишүүд М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Д.Ган-Эрдэнэ, Н.Алтансувд, Н.Ууганбаяр нартай бүлэглэн, улс төрд нөлөө бүхий бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 27 төслийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/172 дугаартай тушаалаар 2 төслийг буюу нийт 29 төслийг тус тус баталж, санхүүжилтийг шийдвэрлэн бусдад давуу байдал бий болгосон хэргийг удирдаж зохион байгуулагчаар хамтран оролцож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оноолоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Дарангуйлал мандтугай. Одоо хүн ам харьцангуй цөөтэй улсад бүгд нэг нэгэнтэйгээ нэг ангийн, нэг байрны, хол ба ойрын хамаатан гэх мэт сэжмээр холбогдож эсэргүү бүлгэмийн хэргүүд өрнөнө. Ээлжээ хүлээгээд л байж байя даа хэдүүл

  • Шоронд хийхийг хүсээд байсан хүмүүсийг чинь шоронд нь хийсэн л байна. Одоо Элбэгдорж Сайханбилэг Энхболд гээд цааш нь үргэлжлэх хэрэгтэй

  • ингэж амин хувиа бодсон лалруудтай ардчилал гэж дагаж дэмжиж навсаганаж явсандаа ичиж байна,муу лалрууд шорондоо далдраг

  • Энэ бол Монголын нийгэм цэвэршиж байгаагийн шинж. Баттулга, Хүрэлсүх, Занданшатар нар Үндэсний аюулгүй байдлынхаа төлөө тэмцэж байгаагийн шинж. Гэхдээ ял нь дэндүү бага байна.

  • За эд нараас доошлоод явах юм байгаа байлгүй дээ. 2000 оноос хойш идэж уусан, тендер концесс гээд бага хурган зиндааны дарга нарыг зүгээр үлдээх хэрэггүй. ТӨХК-уудын сүүлийн 20 жилийн санхүү худалдан авалтад аудит хийх. Дээрээс нь 60 тэрбумын хэрэгийг яав ч зүгээр өнгөрөөж болохгүй ингээд бодхоод дор хаяж 250 өөдгүй шаарнуудад ял өгч байж монголын нийгэмд шинэ жишиг тогтоондоо.

Холбоотой мэдээ