Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.
Тус шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, “Жи-Тайм” сүлжээний гэх хөтөлбөрт хамрагдаж, сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан буюу өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогчдод олгуулахаар болжээ.
Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогчдод хувь тэнцүүлэн олгох болсон байна. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулж, үүнээс олсон орлогыг хохирогчдод олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр уншиж, сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоол бичгийн хэлбэрээр гарна. Уг шийтгэх тогтоолыг хэргийн оролцогчид болох улсын яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулдаг.
Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн хугацаанд гомдол, эсэргүүцэл гаргахгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэснээр хохирол гаргуулах ажилгааг тус байгууллага гүйцэтгэх аж. Хэрвээ дээрхи хугацаанп гомдол эсэргүүцэл гаргавал тухайн шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг түр хугацаанд түтгэлзүүлдэг байна. Мөн хохирол гаргуулах, гүйцэтгэх хуудас бичигдэх ажиллагаа хойшлогдох юм байна.
Шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулах ажлыг тус шүүхийн тамгын газраас зохион байгуулан ажиллах ажээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх