WashingtonPost:Саарын хажуугаар сайн гэгчээр коронавирусын талаарх ЭЕРЭГ мэдээнүүд

2020-07-20

Харвардын Их сургуулийн профессор Жозеп Аллен коронавирусын эмчилгээ, судалгааны ажилд гарч буй эерэг мэдээллүүдийг нэгтгэн, нийтлэл болгожээ.  Тэрбээр нийтлэлээ Washington Post-д нийтлүүлсэн байна. Түүний нийтлэлийг товчлон хүргэе.

“Өдөр болгон нэмэгдэж буй шинэ тохиолдол, нас баралт нь мэдээж аймшигтай. Гэхдээ үүний зэрэгцээ бид эерэг ахиц, дэвшлийг ч орхигдуулахгүй байж энэ бүгдийн ард гарах ёстой.
Хонгилын үзүүрт гэрэл асааж буй коронавирусын талаарх зургаан эерэг мэдээллийг хүргэж байна.

Эсрэг биетийн эмчилгээ өндөр үр дүнтэй байна

1. Шинэ коронавирусын халдвар авмагц тухайн хүний дархлалын систем хамгаалалт бий болгож, нэг ёсондоо эсрэг биетүүдийг үйлдэрлэж эхэлдэг. Тэгвэл эрдэмтэд тэрхүү эсрэг биетүүдтэй яг адил буюу клонуудыг нь бүтээн коронавирусын эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж, туршиж эхэлжээ. Энэ нь ч үр дүнтэй байна.

Жирэмсний тест шиг хурдан оношлуур гарна

2.Жирэмсний тест шиг хурдан хэрнээ мэдрэмтгий чадвар өндөр коронавирусын түргэвчилсэн оношлуурыг бүтээх ажил амжилттай үргэлжилж байна. Энэ тест бэлэн болсноор хүмүүс гэртээ өдөр болгон өөрсдийгөө шинжлэх боломжтой. Click To Tweet Үнийн хувьд 1-5 ам.долларын хооронд байна. Ингэснээр хүмүүсийн айдас ч багасаж, хүмүүс ажил, сургуульдаа явж эхлэх учраас эдийн засагт ч эерэг нөлөөтэй.

Амны хаалт зүүх ёстой гэдэгт бүгд санал нэгдэв

3. Эцэст нь нэг амны хаалт коронавирусээс хамгаална, хамгаалахгүй гэсэн маргаан дуусгавар болов. Коронавирусын нь агаар дуслын замаар халдварладаг учраас маск нь хамгийн сайн хамгаалалт гэж хүлээн зөвшөөрөгдөв. Маск зүүдэггүй байсан АНУ-д хүртэл одоо маск зүүх нь хүлээн зөвшөөрөгдсөн, хэвийн зүйл болов. Манай улсын/АНУ/ муж, байгууллагууд, тэр байтугай мужийн захирагч нар ч ард иргэддээ маск зүүхийг уриалж эхлэв.

Коронавирусээс хамгаалах бас нэгэн шинэ аргатай болов

4. Мөн коронавирус нь агаарт дугтуйлагдан тогтсон коронавирусын бичил тоосонцорын хэлбэрээр халдвартай боломжтойд эрдэмтэд санал нэгдэв. Нийт 239 эрдэмтэд нэгдэн ДЭМБ-д энэ талаар хүсэлт хүргүүлсний эцэст ДЭМБ ч үүнийг хүлээн зөвшөөрөв. Ингэснээр ДЭМБ болон бусад байгууллагуудаас коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар өгч буй зөвлөмж, зөвлөгөөдөө өөрчлөлт оруулна. Барилгуудад агааржуулалт сайтай байх, агааржуулалтын систем нь давхар шүүлтүүртэй байх, зөөврийн агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүдтэй байх шаардлага тулгарч байна.

Зарим хүмүүс коронавирусээр өвчлөөгүй ч түүний эсрэг дархлаатай байх боломжтой

5. Өмнө нь томуу, томуу төст өвчнөөр өвчилж байсан хүмүүс SARS-COV-2 вирусын эсрэг дархлаатай байж болзошгүй байна. Хэдий энэ нь шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй боловч хэд хэдэн судалгаагаар нийт хүн амын 20-50 хувь нь шинэ коронавирусээр өвчлөөгүй боловч түүний эсрэг дархлаатай байгаа болох нь тогтоогджээ. Дархлаатай болсны шалтгааныг нь өмнө нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөнтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Вакцины эхний тунгууд бэлэн болоход тун ойрхон байна

6. Вакцины туршилтууд амжилттай хийгдэж, аравдугаар сар гэхэд эхний тунгуудаа нийлүүлнэ гэжээ. Анх шинэ төрлийн коронавирус дэгдэхэд вакциныг хамгийн хурдандаа 12 сард багтаан үйлдвэрлэх боломжтой гэж байсан билээ. Гэхдээ дан ганц вакцин байгаад нэмэргүй, вакцинжуулалт л амь насыг аварч чадна. Тиймээс вакцин бэлэн болсны дараа олон сая хүнийг вакцинжуулалтад хамруулах шаардлага бидний өмнө тулгарч байна.

Эх сурвалж:Washington Post

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ