• “Тарваганы хорхог, боодог хийсэн зургаа сошиалд оруулсан хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй”

    2020-07-16

    Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах нийт иргэдэд тарвагыг хүнсэндээ хэрэглэхгүй, өндөр сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

    Тэрбээр “15 настай хүү тарваган тахлын халдвар авч болзошгүй сэжигтэй байдлаар нас барсан. PCR шинжилгээ хийхэд тарваган тахлын онош батлагдсан. Нэгдүгээр хавьтлын 15 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан. Улмаар эрсдэлийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнд тохирсон хариу арга хэмжээг Говь-Алтай аймгийн онцгой комисс, Төгрөг сумын онцгой комисс, орон нутгийн ЗӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна.

    Тарваган тахлын өвчлөл байнга гарч, тэр байтугай нас баралт бүртгэгдээд байхад иргэд маань үнэхээр анхаарал сул байна.

    Тарваган тахлын нас баралт 30-100 хувийн хооронд хэлбэлздэг, коронавирусээс дутахгүй аюултай өвчин.

    Амралтын өдрүүдэд гэхэд тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн тохиолдлууд БЗД, Хан-Уул, Төв аймагт гарсан. Тарвараг тахал зөвхөн Монгол улсад төдийгүй манайтай хил залгаа байдаг хөрш улсуудад байгалийн голомт идэвхитэй байна.

    Тарвагыг хүнсэнд хэрэглэх, түүхий эд эрхтэнийг нь эмчилгээний зориулалтаар хэрэглэснээс болж сүүлийн жилүүдэд тарваган тахлын өвчлөл тогтмол нэмэгдэж байна.Сүүлийн гурван жилд гарсан тарваган тахлын тохиолдлууд дандаа нас баралтаар дуусч байсан. Ард иргэд маань онцгой анхааралтай байх хэрэгтэй байна.

    Олон нийтийн сүлжээнд, ялангуяа олон дагагчтай хүмүүс тарвага агнасан, тарваганы боодог, хорхог хийсэн мэдээллүүдээ тавьж байна. Энд цагдаа, тагнуул зэрэг холбогдох байгууллагууд ажиллаж,таслан зогсоож, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэлээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ