• Э.Оюунболдоос болж, түүнд унасан бөхчүүдээ хохироосоор наадамлана

    Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Монгол улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдыг допингтой барилдаж түрүүлсэн болохыг шинжилгээгээр тогтоосон.

    Ингэснээр түүнд унасан бөхчүүдийн цол, чимэг нэмэгдэх асуудал хөндөгдөж эхэлсэн. Өнгөрсөн наадмаас хойших бүхэл бүтэн жилийн хугацаанд Э.Оюунболд шүүхдсээр. Харин түүнд унасан бөхчүүд хохирсоор үлдлээ.

    Э.Оюунболд арсланд цолтой даваа буюу 5-ын даваанаас унасан бөхчүүдэд цолыг нь нэмж, Э.Оюнуболдын цолыг хурааж, хоёр жил барилдуулахгүй байх асуудлыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хороо гаргасан.

    Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Аварга цол олгосон учир ахин зарлиг гаргаж байж асуудлыг шийдвэрлэх юм.

    Хэрвээ Э.Оюунболдын цолыг хураах шийдвэр гарсан бол Үндэсний баяр наадамд үзүүрлэсэн Н.Батсуурь түрүүлж, даян аварга болно. Мөн улсын харцага Д.Анар улсын заан, Б.Цэдэнсодном улсын харцага, аймгийн арслан Н.Мустафа начин цол хүртэнэ.

    Энэ дундаас наймын даваанд Э.Оюунболдтой тунаад унасан улсын арслан Ц.Содномдорж л цолоо ахиулж чадахгүй чимэгтэй үлдэх юм. Хэрвээ допинг хэрэглээд хүчтэй болчихсон бөхтэй таараагүй бол Ц.Содномдорж арслан улсын наадамдаа түрүүлэх ч боломжтой байсан нь худал биш.

    Хэрвээ асуудал ийн сунжраагүй, шүүх нь шийдвэрээ гаргаад, Ерөнхийлөгч зарлигаа гаргасан бол энэ жилийн наадамд дээрх нэр бүхий бөхчүүдийг цол, чимэг нэмэгдэн эрэмбэ өгсөж, тэр чинээгээр наадам сонирхолтой өрнөх байлаа.

    Тухайлахад Н.Батсуурь Даян аварга цолтой болбол Д.Өсөхбаяр Дархан аваргын араас бичигдэх бол. Ц.Содномдорж арслан чимэг нэмснээр Улсын арслангиуудыг эрэмбээрээ тэргүүлэх байлаа.

    Бусад бөхчүүд ч цол нэмсэн бол эрэмбэ ахин, тунаа, гацаанаас гарах байлаа. Гэвч уг асуудал шийдэгдсэнгүй.

    Уг нь ийнхүү наадмыг будлиулдаг бөхчүүдэд сууриар нь хатуухан арга хэмжээ авбал дараа дараагийн будлиулагчид гарч ирэхгүй баймаар.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ