• Л.Оюун-Эрдэнэ:Оюутолгойн гэрээ энэ дөрвөн жилдээ багтан Монголын талд шийдэгдэнэ

    2020-07-07

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, санал хэлэв.

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг сайжруулах Ажлын хэсгийг ахлан ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс хэр урагштай байгаа талаар тодруулав.

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,

    “УИХ-аар Оюутолгойтой холбоотой Монгол Улсын эрх ашгийг хангуулах тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулагдаж, миний бие ахалж байгаа. Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудал бол үнэхээр эрх мэдлээ хэтрүүлсэн нь тодорхой болсон. Энийг хууль хяналтын байгууллагад шилжүүлээд явж байгааг та бүгд харж байгаа.

    Дубайн гэрээн дээр тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг Засгийн хуралдаанаар оруулахгүйгээр өөрөө дур мэдэн байгуулж, Да.Ганболд, Л.Бямбасайхан гэдэг хоёр хүнд эрх олгосон.

    Ингэхдээ Рио Тинто компаниас Монгол улсад удаа дараа тавьж байсан долоон асуулт дээр буулт хийсэн.

    Энэ дотор татвар, ногдол ашгийн асуудлууд багтсан.

    Энийг шууд цуцалъя гэхээр 23 том дэлхийн хэмжээний компаниуд хөрөнгө оруулчихсан.

    Арбитрын шүүх дээр Рио Тинто компанитай шүүхдэж байгаа. Японы хөндлөнгийн шинжээчийн компаниар бүх гэрээнд үнэлгээ хийлгэж байна. Энэ дөрвөн жилд Монголын эрх ашигт нийцэж шийдэгдэнэ.

    Олон улсын эрх зүй, Монгол Улсын хууль гэсэн амаргүй нөхцөл байдалд оруулчихсан.

    Гадаад улсад биднийг У.Хүрэлсүхийн, Ч.Сайханбилэгийн Засгийн газар бус нэг л Засгийн газар гэж үзэж байгаа.

    С.Ганбаатар гишүүнтэй хамтран ажиллахад бэлэн байна”

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар,

    Өнгөрсөн дөрвөн жилд Оюутолгой дээр маш олон ажлуудыг Л.Оюун-Эрдэнэ гишүүн ахлаж хийсэн.

    Гишүүд маань дор бүрнээ дуугай суугаад, дүмбийгээд байх биш улс орны хувьд хамгийн гол асуудал энэ учраас бүгд чармайж, мэрийж , хүч өгч ажиллах шаардлагатай.

    Оюутолгойн асуудал дээр маш том хэмжээний мөнгөний машинуудын өөдөөс үзэлцдэг.  Монголд уул уурхайн луйврын загвараа өөрчилбөл бусад нь шударга болно гэж бодож байна” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ