
Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагалдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт оруулахыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжигдлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “2012 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг байгуулж байлаа. Тухайн үед бид Монгол Улс соёл, спорт, аялал жуулчлал гэсэн гурван брэндтэй болно гэж ярьж байсан. Соёлын яамыг байгуулахаар болсонд Монгол хүнийхээ хувьд талархаж байна. Дархлаагаа ингэж л авч явах ёстой. У.Хүрэлсүх сайд Барилга, хот байгуулалт болон Зам, тээврийн яамдыг нэг, Уул уурхай, Эрчим хүчний яамдыг нэг болгон нэгтгэхийг бодож үзээрэй.
Хөгжлийн бодлогын хувьд маш олон удаа өөрчлөгдсөн. С.Баярын үед Хөгжил, шинэтгэлийн хороо гэж байсан бол С.Батболдын үед бас үзсэн, бидний үед яам байгуулж үзсэн. Аль аль нь амжилтад хүрээгүй. Харин одоо хөгжлийн бодлого, төлөвлөлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өгсөн нь зөв байх. Харин энэнийхээ хажууд хөгжлийн институц байгуулах хэрэгтэй. Энэ нь улс төрөөс хол, ямар засаг гарч тогтвортой, тэндээ байж байхаар юм байхгүй бол болохгүй.
Нэг, хоёр хүн байгалийн баялгийг идээд байгааг зогсооно гэсэн У.Хүрэлсүх сайдтай санал нэг байна.
Ашигт малтмалын лицензийг агентлагууд олгодог явдлыг зогсоогоод өгөөрэй. Ер нь Засгийн газар хавьд л шийдэх хэрэгтэй байна. Засгийн газар гэж ардчилсан байгууллага биш, Ерөнхий сайдын дор л ажиллах ёстой” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй