АН-ыг С.Эрдэнэ нарын найруулгаар “шинэчилбэл” тус намын ирээдүй цаашид улам бүүдийнэ

Өнөөдөр АН тойрсон асуудлууд хурцадлаа. С.Эрдэнэ АН-ын дарга нэрээр намынхаа 10 дугаар Их хурлыг хуралдуулах болсон, мөн намын даргад нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг бүртгэх тухай Төрийн ордонд мэдээлэл хийв.

С.Эрдэнийн хэлснээр АН-ын Их хурлыг ирэх 8 дугаар сарын 23-ны өдөр хуралдуулах гэнэ.

С.Эрдэнийн хэлж байгаагаар “АН үндсэн дүрмийнхээ дагуу намын Их хурлыг зарлан хуралдуулах ёстой. Намын даргын бүрэн эрхэнд бий. Тиймээс долдугаар сарын 02-ны өдөр тушаалаа гаргасан. Тушаалд намын 10 дугаар Их хурлыг наймдугаар сарын 23-ны өдөр зарлан хуралдуулах тушаал гаргасан хэмээн уншиж танилцууллаа.

Xуралдаанаар Ардчилсан намын бүх гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргыг батламжлах, ёсчлох болон бусад асуудлыг хэлэлцэнэ” хэмээв.

Тэгвэл С.Эрдэнэ АН-ын дүрэм ёсоор дарга нь мөн үү. Тус намын дүрмэнд сонгуульд ялагдсан бол дарга нь 5 хоногийн дотор огцрох заалт бий. Энэ ч үүднээс С.Эрдэнэ намаа ялагдуулснаа хүлээн зөвшөөрч сонгуулийн санал хураалтаас хоёр хоногийн дараа ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн.

Ингээд УИХ-д шинээр сонгогдсон Ц.Туваан АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч болсон гэж ойлгогдсон.

Гэвч С.Эрдэнийн өнөөдрийн мэдэгдлээс харахад тэр АН-ын дарга хэвээр байгаа аж. Тэр бүү хэл АН-ын дараагийн даргыг сонгох ажлыг тэр хийх нь.

Ингэвэл АН-д ямар ч шинэчлэл хийгдэхгүй нь тодорхой. Үүнийг АН-ын жирийн гишүүд, дэмжигчид болон бусад ашиг сонирхлын бүлгүүд, тэр дундаа байнга арын эгнээнд байж ирсэн залуус нь дэмжихгүй байгаа юм. Тэдний төлөөллүүд ил далд эцэргүүцлээ илэрхийлж байна.

П.Галиндэв нарын хувьд С.Эрдэнийг явсанаараа явж, намын тамгыг үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд 15 цагаас өмнө шилжүүлэхийг шаардсан.

Тэгвэл АН-ынхан намыг нь хэтэрхий бүлэглэлийн барьцаанд оруулж, энэ удаагийн сонгуульд ялагдуулсан С.Эрдэнэ, З.Энхболд, Ц.Элбэгдорж нарт, тэдний хүмүүст дахин намаа өгөхийг хүсэхгүй байгаа юм.

Энэ сацуу АН-ын даргын суудалд эдгээр нэр бүхий хүмүүсээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгын болоод УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мөн ХХБ-ны хүмүүс сонихолтой байгаа нь илт болоод буй.

Энэ бүхнийг дахиад л бүлэглэлүүдийн тохироогоор шийдэх юм бол АН-д ахиад ч ялагдал нүүрлэсээр байх болно.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ