• Д.Лүндээжанцан УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллана

    2020-07-03
    Өнгөрсөн парламентын хийсэн хамгийн гол нэг ажил нь 20 гаруй жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан явдал байв. Одоо уг нэмэлт, өөрчлөлтийг дагаж 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байгаа бөгөөд шинэ парламент эхний нэг жилдээ уг өөрчлөлтийг хийх юм. Яг энэ чухал цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Д.Лүндээжанцанг хоёр дахь удаагаа УИХ-ын даргаар томилогдсон Г.Занданшатар Хуулийн бодлогын зөвлөхөөрөө ажиллуулахаар болжээ.
    Уг албан тушаалд өмнө нь  Ж.Сүхбаатар ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлахад УИХ-ын даргад зөвлөж ажилласан юм.
    Д.Лүндээжанцанг УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллах болсонд хуульчид баяртай байгаагаа илэрхийлж байна.Тухайлбал. хуульч О.Мөнхсайхан фэйсбүүктээ дараах тайлбарыг бичжээ.
    ДАХИАД Л НӨГӨӨ НАСНЫ ТАЛААРХ ТУЙЛШРАЛ ЖИРГЭЛДСЭЭР
    “Хөгшчүүл бүгд яв” гэсээр Монголын хамгийн туршлагатай парламентч, Үндсэн хуулийн эрх зүйн эрдэмтний хувьд парламентын ардчиллыг бэхжүүлэх ажилд 30 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн энэ эрхмийг сонгоогүй (маш цөөхөн саналаар унасан)-д иргэний хувьд харамсдаг. Д.Лүндээжанцан гуай УИХ-ын даргын ахлах зөвлөх болсонд баяртай байна (ер нь зөвлөх гэдэг чинь ийм л хүмүүсийн хийдэг ажил гэж боддог шүү). Учир нь, түүний арвин туршлага, хууль тогтоох ажиллагааны өндөр мэргэшил, гол нь парламентын засаглалыг бэхжүүлэх гэсэн чин сэтгэл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагах 40 гаран хуулийг батлах, Хуралдааны дэг сахих, аливаа ээдрээтэй бодлогын асуудал шийдвэрлэх зэрэг дээр харьцангуй залуу бүрэлдэхүүний энэ УИХ-д өмөг түшиг болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ийм нүдээ олсон томилгоо хийвэл хичнээн тустай вэ.
    “Залуу л бол мундаг,” эсхүл “настай л бол хэрэггүй” гэдэг бол худал хуурмаг төдийгүй Монгол Улсад хор уршигтай туйлшрал. Аливаа бүрэлдэхүүн (парламент, шүүх, зөвлөл, хороо зэрэг)-д нас насны төлөөлөл чухал ч зөвхөн насаар бүхнийг хэмжинэ гэдэг бол хэт өрөөсгөл гэдгийг сонгуулийн өмнө мань мэт нь чадахаараа хэлсэн боловч хүмүүст сайн хүрээгүй. Мэдлэг, чадвар, ёс зүй, туршлага цогцоороо гол шалгуур байх хэрэгтэй. Энэ шалгуурыг хангаж буй бол нас, хүйс зэрэг тохиолдлын зүйлс бол хоёрдогч шинжтэй.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ