• Сэлэнгийн иргэд Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардан жагсаж байна

    УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 11:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна

    Сэлэнгийн ард иргэд энэ удаагийн сонгуулиар гурав дахь удаагаа Ж.Эрдэнэбатыг дэмжиж, өөрсдийн төлөөлөл болгож УИХ-д сонгосон юм. Гэсэн ч тэдний сонгосон гишүүнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг зөрчин хууль бусаар албадан саатуулсан тул тэд шүүхийн захирамжийг эсэргүүцэж жагсаж байна.

    Сэлэнгэ аймгийн 70 000 сонгогчийн төлөөлөл болж 300 гаруй иргэн Улаанбаатар хотноо ирцгээжээ. Тэд “Бидний сонголтыг цагдан хорьж байна” гэж байна. Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн урд шөнийн суудлын галт тэргээр ирцгээсэн бөгөөд шууд шүүхийн гадна ирсэн гэлээ.

    Сэлэнгэ аймгийн иргэд:

    -Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат бол өнгөрсөн найман жил манай Сэлэнгэчүүдийг төлөөлж төрд ажилласан. Энэ удаад ч бид гишүүнийгээ дахин сонгосон. Гэтэл өнөөдөр шүүхээс хууль бус захирамж гаргаж цагдан хорьсон хэвээр байна.

    -УИХ-д МАН 62 суудал авсан. Манай Сэлэнгэчүүд МАН-д бүрэн итгэж нэр дэвшүүлсэн гурван хүнийг 3-уланг нь дэмжиж гаргасан. Гэтэл өнөөдөр 61 нь тангарагаа өргөлөө. Ганцхан манай аймгаас нэр дэвшиж ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат гишүүний маань тангараг өргүүлсэнгүй. Энэ юу болж байна вэ?

    -Иргэд төлөөллийн байгууллагаараа төлөөлж хууль тогтоодог. Гэтэл Монгол Улсад ардчилсан парламент байх юм уу үгүй юм уу гэдэг асуудал хөндөгдөж эхэллээ.

    -Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт мэргэжилтнээс авхуулаад Ерөнхий сайд хүртэл шат дараалан ажилласан. Сэлэнгэчүүд энэ хүнийг төрд 20 гаруй жил бэлтгэж илгээсэн учраас бид энэ хүнээр ажлыг нь хийлгүүлмээр байна.

    -Сонгогч бидний эрхийг боогдуулж байна. Ж.Эрдэнэбатыг чөлөөлж тангарагыг нь өргүүлэх ёстой гэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ