• UB comedy:Ямар үндэслэлээр бизнесүүдийг ялгаж байгаагаа тодорхой болгох шаардлагатай байна

    2020-07-01

    “UB comedy”, “Comedy lab”-ын залуус өнөөдөр Сүхбаатарын талбайд “Миний хөгшчүүл одоо болио”  урлагийн үзүүлбэр үзүүллээ. Тэд коронавирусын  хөл хориог энэ сарын 15-ныг дуустал сунгасныг эсэргүүцэн, дуу хоолойгоо хүргэлээ. Зургаан сарын турш бизнес нь хаалттай байсны улмаас орлого нь зогсож, байрны зээлээ төлөхөд хүндрэл учраад байгаа талаар тэд онцлов.

    Энэ үеэр “UB comedy” клубын үүсгэн байгуулагч Б.Батбилэгээс бичгээр ямар нэгэн хүсэлт хүргүүлсэн талаар тодруулахад:

    “Бичгээр ямар нэгэн хүсэлт хүргүүлээгүй. Харин ийм байдлаар олон нийтэд үзүүлбэр хийж байна. Цуглах,жагсах ямар нэг урилга бол өгөөгүй.

    Ажлаа хийж чадахгүй, шийдвэр гаргаж чадахгүй бол миний хөгшчүүл одоо болио, ажлаа хийж чаддаг хүмүүст нь байраа тавьж өгөө гэж хэлж байна.

    Коронавирусын халдвар дотооддоо тархаагүй юм бол яагаад дотоодын аж ахуйн нэгжүүдээ  нээхгүй байгаа юм бэ? Бизнесүүдийг яагаад ялгаварлан гадуурхаад байгаа юм бэ? Хүүхдийн тоглоомын газар нээгдэж байгаа нь мэдээж сайхан байна. Гэхдээ нөгөө талдаа диско бааруудыг нээхгүй гээд байна. Гэтэл адилхан л хүмүүс цугларч байгаа шүү дээ. Яг ямар үндэслэлээр бизнесийг ялгаварлаж байгааг тодорхой болгож өгөхийг хүсч байна. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн амьдрал хүндэрч байна, хамаг орлого нь зогсчихсон байдалтай байна” хэмээн ярилаа.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ