С.Амарсайхан: Монгол улсын газар нутаг гадаадын вэб сайтаар бараа материал шиг арилжаалагдах ёсгүй

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болоод буй. Тэрбээр өнөөдөр хотын даргын албаа өгч, тамга тэмдгээ шилжүүллээ.
С.Амарсайхан “Өчигдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, гишүүний тангаргаа өргөсөн.  Ирээдүйд улс, хот хаашаа явж, яаж хөгжих вэ гэдэг урт хугацааны бодлогоо тодорхойлж чадсан түүхэн цаг үед би албаа шилжүүлж өгч байна. Энэ бол зөвхөн хотын захирагчийн тамгыг шилжүүлж байгаа хэрэг биш юм.  Өнгөрсөн хугацаанд нийслэлд хийж хэрэгжүүлсэн олон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийж хэрэгжүүлэх их үүрэг хариуцлагыг давхар үүрүүлж байгаа юм. Хүнээ дээдэлсэн, иргэн төвтэй хотыг цогцлоох нь хамгийн гол зорилт юм шүү гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

Би ажлаа авсныхаа дараа нийслэлчүүдэд ямар асуудал тулгамдаж байна вэ гэдгийг судалж, судалгаа хийсэн.  Нийтлэг олон асуудал бий. Агаар, орчны бохирдол, замын түгжрэл, орон сууцжуулалт, дахин төлөвлөлт, хог хаягдал, ажилгүйдэл, ядуурал, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалт гэх мэт нэн тэргүүнд шийдэх ёстой олон асуудал байсан.

Тэр дундаа хүн төвтэй бодлого баримталж, хүнээ хөгжүүлэх чиглэлээр олон ажил хийсэн” хэмээн хэллээ. Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавьж, дараагийн удирдлагын баг энэ ажлыг үргэлжлүүлэн хийхийг хүслээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асуусан. Энэ үеэр түүнээс газар зарах асуудал үүсэж, гадаадын сайтад зар тавьсан байсан талаар асуув. Тэрбээр “Ийм мэдээлэл авсан. Би газрын алба болоод хууль, хяналтын байгууллагад өгч, одоо хянаж байгаа.  Монгол Улсын газар нутаг гадаадын веб сайтаар бараа материал шиг арилжаалагдах ёсгүй. Үнэн, худлыг нь нягтлах ажлыг мэргэжлийн байгууллагууд хийж, анхаарч ажиллаж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ