• Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын СТЕПС судалгааны тайланг хүлээлгэн өглөө

    2020-06-29

    “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний дөрөвдүгээр СТЕПС судалгаа”-ны тайланг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.

    Шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг явуулахад мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг, үндэсний эрдэмтэн судлаачдаар багаа бүрдүүлсэн шинжлэх ухааны байгууллага болох НЭМҮТ энэхүү судалгааг 21 аймгийн 130 сумын 216 баг, Улаанбаатар хот суурин газрын 142 хорооны 161 хэсгийг хамруулан 377 түүврийн нэгжээс нийт 6654 хүнийг хамруулан судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг сахилга бат, өндөр зохион байгуулалттайгаар гүйцэтгэсэн байна.

    Тайланг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Төрийн нарийн бичгийн дарга  Я.Амаржаргал, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Доктор Сергей Диордица болон төрийн байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, эрүүл мэндийн байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагуудын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд мөн энэхүү судалгааны зохицуулагчид, судлаачид оролцсон.

    Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил шалтгаан нь нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой Халдварт бус өвчин (ХБӨ) зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихээхэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байсаар байна.

    НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр Монголчуудын нийт нас баралтын 77 хувийг ХБӨ эзэлж байгаагийн 32 хувь  нь 30-70 насныхан байна гэжээ.

    Энэхүү үзүүлэлтийг бага болон дунд орлоготой бусад оронтой харьцуулахад манай улс дэлхийд ХБӨ өндөр тархалттай 2 дахь орон болжээ.
    Түүнчлэн өвчлөлийн архагшсан, хожуу шатанд өртөг өндөртэй оношилгоо, эмчилгээнд эрүүл мэндийн салбарын төсвийн 70 гаруй хувийг зарцуулж байгааг уг үнэлгээгээр тогтоосон байна.

    Хүн амын дунд зонхилон тохиолдох ХБӨ-ний тархалтыг бууруулах чиглэлээр олсон ололтоо бататгах, байгууллага, хамт олон, нийгмийн салбар, олон улсын байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх, олон талт байгууллагуудын оролцоонд тулгуурлан ХБӨ-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүс нутгийн ялгаатайгаар хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоог судалгааны тайлан байдлаар хүлээлгэн өглөө.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ