• Нийслэлийг Ж.Батбаясгалан түр удирдана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүн болж үнэмлэхээ авсан. Хотын дараагийн даргыг сонгох хүртэл Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохиролцжээ.

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд: Нийслэлийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасан байдаг аж.

    Энэ дагуу эх сурвалжаас тодруулахад маргааш буюу долдугаар сарын 1-нд НИТХ хуралдана гэсэн юм. Харин Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаа аж.

    НИТХ шийдвэрээ Ерөнхий сайдад уламжилснаар томилгоо хийгдэх учиртай. Аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг 2019 оны хоёрдугаар сард Су.Батболдын оронд шинэ даргаар томилж байлаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ