• Зургадугаар сарын 24-нөөс хойш Mongolia Energy, Mongolian Mining корпорациудын хувьцааны ханш өсчээ

    2020-06-29

     

    Коронавирусын цар тахлын улмаас дэлхий дахинд  хөрөнгийн зах зээл тэр чигтээ савлаж буй. Улс орон бүрт цар тахлын үзүүлж буй  нөлөөллөөс гадна Төвбанкнаас нь гаргаж буй бодлогын шийдвэрүүд ч ихээхэн нөлөө үзүүлж байна. Коронавирусын халдвар өндөр  АНУ-ын Facebook компанийн нэгж хувьцааны ханш  гэхэд зургадугаар сарын 24-нөөс эхлэн   тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Facebook-ийн зургадугаар сарын 23-ны өдрийн арилжааны хаалтын ханш нь 242.24 ам.доллар байсан бол өчигдрийн байдлаар 216 ам.доллар болтлоо буурчээ. Учир нь өвчлөл буурах хандлага ажиглагдаж байсан тус улсын зарим мужуудад цар тахлын дэгдэлт дахин эрчимжиж, нэгдүгээр сараас хойшхи хамгийн өндөр буюу өдөрт 40 мянгаас дээш шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой юм. Мөн ажилгүйдлийн түвшин ч нөлөөлжээ. Энэ мэтчилэн томоохон компаниудын хувьцааны үнэд улсын нийгэм, эдийн засгийн байдал цар тахлын үед чухал нөлөө үзүүлж байна.

    Тэгвэл Монгол улсад байршилтай, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг компаниудын хувьцаа   зургадугаар сарын 24-нөөс хойш өссөн үзүүлэлттэй байна.

    Тухайлбал, Хонгконгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Mongolia Energy корпорацийн нэгж хувьцааны үнэ зургадугаар сарын 24-ний хаалтын ханшаар 0.44 хонгконг доллартай тэнцэж байсан бол өнгөрөгч тав дахь өдөр 1.60 хонгконг долларт хүрчээ.  Энэ нь 272.09 хувийн өсөлт юм.

    Мөн Mongolian Mining корпорацийн нэгж хувьцааны үнэ зургадугаар сарын 24-нд 0.38 хонгконг доллар байсан бол 26-ны арилжаагаар 0.54 ам.доллар хүртлээ өсөн худалдаалагдсан байна. Үүнийг шинжээчид Монголд энэ сарын 24-нд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр эрх баригчид дахин үнэмлэхүй ялалт байгуулсантай холбож үзэж байна. Учир нь Монгол коронавирусыг дотооддоо алдаагүй гарын таван хуруунд багтах цөөн улсын нэг.Дээр нь ийм амжилттай ажиллаж байгаа эрх баригчид дахин ялсан нь ирэх дөрвөн жилд Монголын  төр засаг тогтвортой сайн ажиллах нь гэсэн эерэг месэжийг хөрөнгө оруулагчдад өгчээ гэж шинжээчид үзэж байна.

     

    Эх сурвалж: https://www.hkex.com.hk/

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ