
Мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэдэг “Зөвлөгөө” буландаа Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн Нүүр амны согог гажиг заслын тасгийн их эмч, анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй Б. Дэлгэржаргал эмчийг урин оролцууллаа.
Энэ удаагийн нийтлэлээр бидний сайн мэдэхээр аппарат зүүх, мэргэжлийн хэлээр нүүр амны гажиг заслын эмчилгээг ямар хүн хийлгэж болох, насны хязгаар бий юу зэрэг асуултуудад хариулт өгөх юм.
Дээр дурьдсан шүдний аппаратыг Монголоор зэмсэг гэнэ. Анагаах ухааны талаас нь нэрлэбэл нүүр амны гажиг заслын зэмсэг гэж орчуулдаг байна.
“Нүүр амны гажиг заслын эмчилгээ нь нарийн оношилгоо ба эмнэлзүйн шалгуур үзүүлэлтийн дараа хийгддэг. Иймээс шүдний гажигтай хүн бүхэн аппарат/зэмсэг/ зүүнэ гэдэг нь харьцангуй ойлголт юм”
Шүд эрүүл бол бие эрүүл гэдгийн учир нь..
Шүд эрүүл бол бие эрүүл гэж монголчууд ярьдаг. Учир нь шүд нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хамгийн эхний үе шат юм. Шүд болгон өөрийн гэсэн үүрэгтэй.
Үүдэн бүлэг шүд/Зурган дээрх а,б хэсэг/ нь таслах үрэгтэй байдаг. Араа бүлэг шүднүүд/Зурган дээрх в,г хэсэг/ нь амны хөндий дэх хоол хүнсний бүтээгдэхүүнийг зажилж, бутлах үүрэгтэй. Соёо шүд нь харин зулгаах үүрэгтэй.
Шүд эрүүл, хазалт хоршилт зөв байвал хоол боловсруулах эрхтэн тогтолцоо нь хэвийн явагдаж, улмаар ходоодонд ачаалал үүсэхгүй. Хоол хүнсээ эрүүлээр зөв боловсруулж, шим тээжээлээ хүрэлцэхгүйц хэмжээгээр биеэдээ авсанаар бид эрүүл чийрэг орших үндэс болно.
Нүүр амны гажиг засал нь төрөлхийн болон олдмол шүдний гажгийг тусгай зэмсгийн (аппарат) тусламжтайгаар хэвийн эрүүл зуулт, хоршилт, зажлах үйл зүйг цогцлоож, гоо сайхныг бүрэн сэргээх цогц эмчилгээ юм.
Хуруугаа хөхөх мөн удаан хугацаанд угж хөхсөнөөс олдмол шүдний гажиг үүсдэг
- Төрөлхийн шүдний гажиг нь удамшлын гаралтай байж болно. Мөн түүнчлэн дотоод шүүрлийн эмгэг, ёрөнхий биеийн өвчлөл,амьсгалын дээд замын эмгэгүүд гэх мэт…
- Олдмол шүдний гажиг нь буруу зуршлаас үүсдэг байна. Гарын хуруу, дээд, доод уруул, хэл хөхөх, удаан хугацаанд угж хөхөх, сүүн шүдээ эрт авахуулах, үйл зүйн хямрал, гэмтэл бэртэл зэрэг маш олон шалтгаан нөлөөлдөг.
Эрүү болон хоншоор ясны хөгжил хэвийн эрүүл бүтэцтэй байвал шүдний гажгийг эмчлэх бүрэн боломжтой. Яс нь буруу ургалттай буюу бүтцийн хувьд алдагдалд орсон байвал зөвхөн шүдэнд нь гажиг заслын эмчилгээ хийх боломж бага .Тиймээс нүүр, амны мэс заслын болон нүүр, амны тулгуур эдийн эмч нартай хамтарч хавсарсан эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Шүдний гажигтай хүн болгон аппарат зүүж болдог гэж ойлгож болохгүй
Нүүр амны гажиг заслын эмчилгээ хийхэд шүдний тулгуур эд, шүдний түүшин яс, шүдний холбогч эд, шүдний ёзоор маш чухал үүрэгтэй. Учир нь шүдэнд механик хүч үйлчилж эхлэхэд тэр их ачааллыг даах чадвартай байх ёстой. Үүнээс гадна:
- Авахуулсан шүдний тоо хоёроос илүүгүй байх
- Түүшин яс шимэгдэлгүй байх
- Шүдний ёзоор хэт богино биш байх
- Эрүүний үений эмгэггүй байх
- Сувгийн эмчилгээтэй шүдний холбоос эд өргөсөөгүй байх зэрэг олон шалгуур үзүүлэлтүүд байдаг.
Нүүр,амны гажиг заслын зэмгийг дотор нь хоёр ангилна

Баруун талаас:Авагддаг зэмсэг,авагддаггүй зэмсэг
- Авагддаг зэмсэг/bracket system/-ийг 6-11 настай хүүхдийн сүүн ба холимог зуулттай үед хэрэглэнэ.
Шүдний эгнээг тэлэх, ясны хөгжилийг дэмжих, булчингийн үйл ажиллагаа зөв чиглүүлэх зорилгоор зүүж хэрэглэдэг.
- Авагддаггүй зэмсгийг 13 нас буюу бүх шүд ургаж, хэлбэржиж дууссаны дараагаас зүүнэ.
Шүдний гажгийг өсвөр насанд нь буюу 13-15 насанд нь эмчлүүлбэл нэн тохиромжтой
Гажиг заслын эмчилгээний үед шүдийг босоо , хөндлөн , дагуу чиглэлд хөдөлгөөнд оруулдаг. Шүдний гажгийн хүндрэлийн зэргээс хамаарч эмчилгээний төлөвлөгөө өөр өөр байдаг.
Жишээ нь, хэт их бөөгнөрөлтөй шүдний түүшин яс хүрэлцэхгүй байвал шүд хасалт хийж эмчилгээг үргэлжлүүлэх тохиолдол хүртэл байдаг. Насан туршдаа төрөлхийн мэт гоо сайхныг олж авах нь тухай хүний наснаас мөн хамаардаг.
Тодруулбал, 13-15 насанд хамгийн тохиромжтой ба 35 нас хүртэлх хүмүүс эмчилгээнд хамрагдах боломжтой.
Эмчилгээгээ эхлүүлэхийн өмнө сэтгэл зүйгээ маш сайн бэлтгэх хэрэгтэй
Нүүр, амны гажиг заслын эмчилгээ нь маш их цаг хугацаа, тэсвэр тэвчээр, эдийн засаг, хоолны дэглэм, ёс зүй хэм хэмжээ, хамгийн гол нь эмч, өвчтөн хоёрын хоорондын итгэлцэл, хариуцлага шаарддаг. Шүдний гажгийн хүндрэлийн зэргээс хамаарч эмчилгээний хугацаа янз бүр байдаг. Ихэнхидээ зургаан сараас дээш хугацаатай байх ба шаардлагатай бол 2-3 жил үргэлжлэх тохиолдол ч бий.
Тухайн хүний нас, шүдний гажгийн хүндрэлийн зэрэг, анатомийн онцлог, хүйс зэргээс шалтгаалж эмчлэглэх хугацаа нь харьцангуй өөр өөр байдаг. Тиймээс хүүхэд болон насанд хүрэгчид ялгаагүй сэтгэл зүйгээ бэлдэх нь маш чухал.
Эмчилгээний явцад гурав ба түүнээс дээш сарын хугацаанд гадагшаа болон орон нутгийн шилжих хөдөлгөөнийг хориглодог. Тийм учраас эмчилгээ эхлэхийн өмнө ойрын болон хэтийн төлөвлөгөөгөө гаргасан байвал нэн сайн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 cэтгэгдэлтэй
Сайн чадварлаг эмч шүү.
Чадвартай мэргэжилдээ үнэхээр сайн мэргэшсэн эмч шүү маш олон хүнд сайхан инээмсэглэл бэлэглэсэн тийм л мундаг эмч дээ☺️
Aprat zvvgeed 3 jil boljin Odo awah bolj bga. Shvd maani goy bolson. Gehdee awsnii daraa butsaad gajigruga yawaad bdag geed bn vnenvv. 29 nastai yumaa.
Retainer zuune untaxdaa. Xojuu zassan uchiraas shud Sain bexjixgui
Bi Delgerjargal emch deer emchulj bsn, getel odo iluu gajigtai bolson, asuhad dhd zuun gej heldeg, sn emchdeer emchlulerei, eswel dhd buun munguur shatna shu
Энэ эмч хаана үзлэг хийдэг вэ хүүхэд үзүүлбэл