• АН-ын дараагийн дарга, дараагийн шинэчлэлийг яриад эхэллээ

    УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өчигдөр дуусч эрх баригч МАН илт давуу яллаа. Гол сөрөг хүчин АН арайхийж 11 гишүүнтэй УИХ-д бүлэг байгуулахаар болов.

    Тэгвэл АН энэхүү ялагдлынхаа буруутанг хайхаас гадна, хэнийг дараагийн дарга болгож, шинэчлэгдэхийг гишүүд нь яриад эхэллээ.

    АН унасан шалтгаануудаар дараах асуудлуудыг нэрлэж байна.

    -АН-аас нэр дэвшсэн бол ялах байсан залуучуудаа мөргөж, гаднаас баахан хүн оруулж ирж дэвшүүлсэн. Тухайлахад Сүхбаатар дүүрэгт Лу.Гантөмөрийн оронд ХХБ-ны Э.Долгионыг дэвшүүлээд ялагдав. Төв аймагт Д.Доржпүрэв, Баянгол дүүрэгт П.Галиндэв, Чингэлтэй дүүрэгт Э.Сүндий, Говь-Алтай аймагт Ц.Оюундарь, Баянзүрх дүүрэгт М.Тулгат, Чингэлтэйд Г.Баярсайхан нарыг гэнэт жийж, бүлэглэлийнхэн нэр дэвшсэн нь ялагдалд хүргэжээ.

    -АН-аас тэмцэгч Ж.Батзандан, Л.Болд нарыг хөөж, шахан гаргаж ШИНЭ нам байгуулуулан намынхаа саналыг хуваалгасан гэлцэж байна.

    -С.Эрдэнэ нар хэт бүлэглэлийн сонголт хийснээс улс орон даяар нэр дэвшигчдээ сурталчилж явалгүй өөхсдөд нь орхисон.

    -Хэт их мөнгөөр нэр дэвшигчдээ дарамталсан. 100 сая улмаар тэрбум хүртэл төгрөг нэр дэвшигчдээсээ авсан.

    -Хэтэрхий их хар пиар хийсэн нь ялагдах бас нэг том үндэслэл боллоо” гэлцэж байна.

    Энэ бүхэн нийлээд АН-ыг сонгуульд ялагдуулах хамгийн гол үндэслэлүүд болсон гэдгийг гишүүд нь ярьж, бичиж байна.

    Тэгээд АН-ын дараагийн даргаар хэнийг тодруулахаа бичиж байна. С.Одонтуяаг анхны эмэгтэй дарга байж болно гэж байгаа ч түүнийг С.Эрдэнийн хүн учраас сонгох хэрэггүй гэх хүн олон байна.

    Тэгвэл АН-ыг орвонгоор нь эргүүлж, мэдлэг боловсролтой, бүлэглэлүүдэд найр тавихгүй залуусаа намынхаа толгойд гаргаж байж дараагийн сонгуульд орох ёстой тухай ч яригдаж байна.

    С.Эрдэнэ, З.Энхболд нар цаашлаад Ц.Элбэгдорж, Б.Хурц, Х.Баттулга нар ч зүгээр суухгүй нь мэдээж, өөрсдийн хүмүүсийг намдаа удирдлага болгож тавиад хөдөлгөхийг бодож байгаа нь мэдээж. Тэгэхээр энэ зун, намар АН-д томоохон зодоон өрнөх нь.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ