Х.Баттулга:Ялзарсан улс төрчдийг дахин бүү сонгоорой

2020-06-24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 23-р тойргийн 23-8 дугаар хэсгийн байранд тахиа цаг буюу 17:00 цагт ирж, саналаа өглөө. Тэрбээр саналаа өгч гарч ирээд ард иргэддээ хандан мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Ардчилсан Монгол Улс болсноо дэлхий даяар зарласнаас хойш 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд алдаатай оноотой олон  замыг туулсан.  Энэ удаагийн сонгуульдаа ард түмэн  тэр дундаа залуус минь идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж уриалмаар байна.

17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 40 гаруй хувьтай, нийслэл хот арай илүү идэвхтэй 50 гаруй хувьтай байгааг надад мэдээлсэн. 22:00 цагт санал хураалт хаагдана. Залуустаа хандаж, Та нарын санал улс орны хөгжилд их чухал шүү гэдгийг хэлмээр байна.

Найм дахь удаагийн сонгууль гэдгийг би түрүүн дурдсан.Бид бараа бүтээгдэхүүн сонгохдоо хаана үйлдвэрлэсэн, хэзээ үйлдвэрлэв гэдэг гарал үүслийг нь сайн харж худалдан авалт хийдэг. УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. Тиймээс энэ 76 гишүүнээ бараа сонгодгоос илүү судалж, сонголтоо хийгээрэй гэж Та бүхнээсээ хүсье.

Санал худалдаж авах тухай асуудал олон тойрог дээр яригдаж байна. Үе үеийн сонгуулиар яригддаг  байсан асуудал.

Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Нэр дэвшигч Г.Амартүвшинг 2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдаж байсан гэх мэдээлэл байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

– 2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдсан эсэхийг би мэдэхгүй байна. Үүнийг зохих байгууллагууд нь архиваас гаргаж ирэх ёстой байх. Ер нь бол гадаадын иргэншилтэй гэсэн пасспортын дугаарууд харагдаж байсан.

– Зургаан нэр дэвшигч урьдчилан хорих төвд хоригдож байгаа. Энэ асуудал дээр Та Ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

– Энэ нь шүүх эрх мэдлийн асуудал. Ажиглахад 2013, 2014, 2016 онуудад гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхээс тодорхой ялын дүгнэлтээ авчихсан хүмүүс байна лээ. Үүнийг бид ажиглаж байгаа.

– Эдийн засгийн нөхцөл байдал таатай биш байна. Та шинээр бүрдэх УИХ, Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллах вэ?

– Дэлхий даяар цар тахалтай холбоотойгоор эдийн засаг ямар байдалтай байгааг бид хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Монгол орны хувьд эдийн засаг төрөлжөөгүй, хэдхэн төрлийн экспорт дээр суурилдаг. Энэ сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газартай маш шуурхайгаар эдийн засгийг босгох, ард иргэдээ ядуурлаас гаргах чиглэлд хамтарч ажиллана. Би өөрөө бизнес хийж байсан хүн учраас энэ зовлон жаргалыг илүү ойлгодог. Тиймээс  энэ давуу талаа ашиглаж ажиллана.

– Та яагаад саналаа үдээс хойш өгч байгаа юм бэ?

– Би ирцийн мэдээллийг харж байгаад залуусыг уриалах зорилгоор 17:00 цагийн ирцийн мэдээг харж байгаад ирлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ