МАН:Зарим нэр дэвшигчийн нэрийг нэрсийн жагсаалтаас хасуулах хүсэлтээ СЕХ-нд тавьсан

2020-06-23

МАН-ын сонгуулийн штабаас мэдээлэл хийв. МАН-ын сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Ө.Ганзориг, ард иргэд шударга ёсны  тэмцэл цааш үргэлжлэх ёстой гэж дэмжиж байна. Харин шударга ёсны тэмцэл битгий ялаасай, мухардалд ороод гацаасай гэж хүссэн зарим улс төрийн нам, нэр дэвшигчид хууль бус үйлдлийг эцсийн мөч хүртэл зохион байгуулсаар байна. Энэ худал хуурмаг зүйлд иргэд сонгогчид Та бүхэн автаж болохгүй шүү гэж  хэлмээр байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу энэ удаагийн сонгууль Ерөнхий сайдаа сонгох онцлогтой  сонгууль гэв.

Харин МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, бид өнгөрсөн хугацаанд шударга өрсөлдөхийг олон удаа уриалж, шаардсан.Гэтэл АН Монгол Улсын язгуур эрх ашгийг, хуулийг уландаа гишгэж, иргэд, сонгогчдыг үл хүндэтгэсэн зүй бус үйлдлийг ихээхэн гаргалаа. АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаас хэтрүүлж, самбараа олноор байршуулсан.

Мөн АН-аас Увс аймагт нэр дэвшигч С.Жавхлан суталчилгааныхаа хаалтыг хийхдээ дуулж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн илт зөрчсөн. Click To Tweet

Түүнчлэн АН сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссан  цагаас эхэлж, төрийн эрх барих дээд байгууллагад хууль бусаар гарахыг санаарахсан үйлдлийг гаргаж байна.Тодруулбал,  их хэмжээний буюу олон тэрбум төгрөг, гадаад валют хүртэл тараахыг завдсан үйлдэл удаа дараа гаргаж байна. Үлдсэн нэг өдрийн хугацаанд шударга байж, ард түмнээрээ дүнгээ тавиулахыг АН-ынханд хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв.

МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул, сонгуулийн сурталчилгааны хаалтын үеэр МАН-ынхан банкинд 9.4 их наяд төгрөг хадгалуулсан гэсэн худал ташаа, ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд цацсанд харамсч байгаагаа илэрхийлэв.

Энэ асуудлыг ТЕГ-т шалгуулахаар ханджээ.  Монгол Улс 2020 оны эхний улирлын байдлаар ДНБ-ий хэмжээ 4.8 их наяд төгрөг, ДНБ-ийг давсан хэмжээний мөнгөн хадгаламжтай байна гэдэг боломжгүй зүйл юм. Үүнийг эдийн засгийн ойлголттой иргэд сонгогчид сайн мэднэ. АН-ын зүгээс их хэмжээний мөнгө тарааж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан асуудал гарсныг олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээс иргэд сонгогч та бүхэн харсан байх.

Энэ асуудалтай холбогдуулж АН-аас нэр дэвшигч Кёкшүзан Д.Батбаяр, З.Энхболд, О.Амгаланбаатар, бие даагч Д.Сүндий нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах хүсэлтийг СЕХ-нд албан ёсоор тавьсан.

Сонгуулийн санал хураалтын өдөр МАН-ыг гүтгэсэн харлуулсан, бохир мэдээллээр иргэд сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлж, санал өгөх эрхэнд халдах оролдлогууд гарч магадгүй учраас та бүхэн минь мэдээлэлд тэнцвэртэй хандаж, явуургүй мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна гэв.

МАН-ын Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат, бидэнд ирж байгаа мэдээллээр 21 аймаг, 9 дүүрэгт зарим улс төрийн нам, эвсэл их хэмжээгээр сонгогчдод бэлэн мөнгө, эд зүйл  тараахаар бэлтгэж байгаа, зарим газарт нь тарааж эхэлсэн  байна.

Мөнгө тараасан үйлдэл нь өөрөө шууд утгаараа төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуулийг будилаантуулах, иргэний сонгох эрхэнд халдаж байгаа үйлдэл юм. Өмнөх хэвлэлийн хурлаар  шатахууны талон тараасан асуудлаар мэдээлж байсан. Энэ хэргийн эзэн холбогдогч нь тодорхой болсон.

Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрог АН-аас нэр дэвшигч З.Энхболдын сонгуулийн штабаас иргэд сонгогчидтой  такси үйлчилгээний гэрээ байгуулан шатахуун олгосон хэрэг гарсан.

Энэ нь Сонгуулийн тухай хуульд зааснаар  Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрог дээр 188 автомашин ашиглах ёстой. Гэтэл такси үйлчилгээний машин гэж тусдаа 1800 орчим жолоочтой гэрээ хийсэн байна. Click To Tweet

Сонгуулийн хууль зөрчсөн нь баримтаар батлагдсан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчийн нэрийг татна гэсэн заалт  бий.  ЦЕГ-аас хийсэн мэдээлэл, хамт нэг тойрогт бие даан нэр дэвшиж байгаа нэр нэвшигч Ц.Хулангийн мэдээлэл, өчигдөр шатахуун тарааж байгаа хүний баримт бичлэг, бидэнд ирсэн жагсаалт гэх дөрвөн эх сурвалжаар Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшигч З.Энхболд хууль зөрчсөн нь нотлогдож байна.

Сонгуулийн хуульд зардалтай холбоотой маш тодорхой заалтуудыг оруулж өгсөн байгаа. Намууд сонгуулийн зардлыг тодорхой эх үүсвэрээс бүрдүүлнэ. Бүрдүүлсэн эх үүсвэрээс тодорхой байдлаар гаргана. Сонгууль болохоос 3 хоногийн өмнө гаргасан зардлынхаа тайланг цахим хэлбэрээр, нэг бүрчлэн бичээд Үндэсний аудитын газарт хүргүүлчихсэн байх ёстой. Бид Үндэсний аудитын газраас АН тайлангаа өгсөн эсэхийг лавлаж асуухад  өнөөдрийг болтол АН тайлангаа өгөөгүй байна.  АН сонгуулийн хуулийн зардалтай холбоотой заалтыг аль хэдийн зөрчсөн  байна гэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ