• Дээд шүүх Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргажээ

    2020-06-23

    “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй, СЕХ-нд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан энэ сарын 16-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон юм. Шүүхээс УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан СЕХ-ны 150 дугаар тогтоолыг хүчингүй болгох, нэр дэвших үнэмлэх олгохыг шаардсан иргэн Л.Наранбаатарын нэхэмжлэлийг  бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

    Түүнийг хоёр эвслээс буюу “Зөв хүн электорат”, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшсэн гэх үндэслэлээр СЕХ-ноос нэр дэвших эрхийг нь хүчингүй болгосон билээ. Тэгвэл  өнөөдөр /06.23/ Улсын дээд шүүх Л.Наранбаатарт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцээд түүнийг УИХ-ын 22-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгажээ.

    Түүний өмгөөлөгч “Бид Улсын дээд  шүүхэд  Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэж өгөхийг даалгах нэхэмжлэлийг  гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг даалгаж шийдвэрлэлээ. Ингэснээр албан ёсны шүүхийн шийдвэрээр Л.Наранбаатар нь  нэр дэвших эрхтэй гэсэн үг. Дээд шүүх эцсийн шатны шийдвэрийг гаргадаг учраас бүх шатны байгууллагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тиймээс СЕХ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Л.Наранбаатарыг УИХ-ын  22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, саналын хуудаст нэрийг нь бичиж сонгогдох эрхийг нь хангах үүрэгтэй” гэлээ.

    Л.Наранбаатарын хувьд Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, сонгогчийн саналын хуудсанд нэрээ оруулах хүсэлтийг албан ёсоор гаргаж байгаа юм байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ