• Сэлэнгэ аймгийн залуучууд Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарыг суллахыг шаардлаа

    2020-06-22

    Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

    Сэлэнгэ аймгийн залуучууд нэгдэн “Сэлэнгэ дарлуулахгүй” хөдөлгөөнийг өрнүүлж, шүүхийн гадна жагсаж, МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, АН-аас тус тойрогт нэр дэвшигч С.Баярцогт нарыг суллахыг шаардлаа. Тэрбээр Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нар хоригдсон ч сонгогдох эрх нь хэвээр байгаа тул саналаа өгөхийг Сэлэнгэ аймгийн иргэд, сонгогчдод уриалж байлаа.

    Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхийн тулд үзэл санаагаараа нэгдсэн Сэлэнгэ аймгийн залуучууд мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдэлд “Сэлэнгэчүүдээ босох цаг боллоо. Доромжлуулж ханалаа. Бид аймгаасаа гурван Ерөнхий сайдтай, наадмын түрүүгээ авдаг хүчтэй үе байсан. Гэтэл одоо Сэлэнгэ нутгаас төрсөн удирдагчид, улс төрийн лидерүүдийг ээлж дараалан зохион байгуулалттайгаар дарж авч байна.

    Иймд бид Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын залуус нэгдэж, энэхүү жагсаалыг хийж байна. Арван тэрбум төгрөгийн барьцаа гэж Монгол Улсын түүхэнд хэзээ ч байгаагүй барьцаа бий болгож, Сэлэнгийн ард түмнийг сонголтгүй болгож байна. Нутгийн хүү Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарыг шүүж, арван тэрбум төгрөг төлөх эсвэл шоронд суулгах гэсэн занганд оруулж, Д.Эрдэнэбатыг мөн шүүхээр оруулах гэж байна.

    Энэ хүмүүс УИХ, Засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан, Сэлэнгийн нэрийн хуудас болсон улстөрчид. Үүний ард тэднийг сонгуульд оролцуулахгүй байх, улс төрөөс хүчээр түлхэж гаргах гэсэн бодлого явж байгаа нь илэрхий байна. Хууль шүүхийн байгууллагынхан хэдхэн эрх мэдэлтэй хүмүүсийн төлөө ажиллаж, Сэлэнгэчүүдийг басамжилж байна. Үүнийг зүгээр хараад дээрэлхүүлж өнгөрч болохгүй. Иймд бид үгээ хэлж, шаардлагаа тавьж, Сэлэнгэ нутгийнхаа төлөө босох цаг иржээ. Сэлэнгэ дарлуулахгүй фэйсбүүк хуудаст нэгдэж, бүгдээрээ тэмцлээ эхлүүлээрэй.  Бид аль нэг нам, эвслээс хамаарахгүй, зөвхөн нутгийнхаа хөвгүүдийн төлөө тэмцэх болно. Нутгийн төлөө дуугарах цаг ирлээ, нутгийн ахан дүүсээ” гэж бичжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ