• South China Morning Post:Монголчууд цар тахлын эсрэг амжилттай тэмцэж буйгаа Чингис хаантайгаа их холбох юм

    2020-06-22

    Монгол улс дэлхий дахинаа дотооддоо халдвар тархаагүй цорын ганц тусгаар тогтносон улс болоод буй. Тэгвэл энэ талаар South China Morning Post вебсайтад “Монголчууд Чингис хааныхаа хүчинд коронавирусын эсрэг амжилттай тэмцэж байна хэмээн бодоцгоож байна ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Үүнийг товч орчуулан хүргэе.

    Өнгөрөгч бямба гарагийн байдлаар Монгол улс гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 204 тохиолдол, 0 нас баралт бүртгэгджээ. Дотооддоо халдвар авсан нэг ч хүн байхгүй. Харин энэ амжилтаа зарим монголчууд уушиг дүүрэн амьсгалах боломжтой цэвэр агаараас гадна мах, сүү зэрэг цэвэр хүнсний  хэрэглээтэй  холбож байна. Үүгээр ч зогсохгүй эрт үеэс морь унаж, хонинд явж, цельсийн -60 градусаас +45 градусын халуунд ч амьдран, суурьшиж ирсэн нь тэднийг өвчлөлд илүү тэсвэртэй болгосон гэх юм.

    Хамгийн гол нь тэд тэдний өвөг дээдэс болох Чингис хаанаа өөрсдийг нь өвчнөөс хамгаалж, аюулгүй байлгаж байна гэдэгт итгэж буй нь юм.

    Түүхч, бөө, гэлэн, эмч гээд бүгд коронавирусын цар тахлын эсрэг хийж буй тэмцлийн амжилтаа Чингис хаантайгаа холбож ярих юм.

    Бөө Б.Энх-Оюун:

    Монголчууд бид стрессгүй амьдардаг. Чингис хааны их арми хээр тал, цөлийг гатлан дэлхийн талыг эзэлж байх үедээ хэн нэгэнд эсвэл ямар нэгэн гадны хүчинд өөрсдийг нь авархыг найдан суудаггүй байсан.

    Барууныхны хувьд өмнө нь тулгамдсан асуудлаа заавал шийдэх хэрэгтэй байдаг. Харин монголчуудын хувьд тэгэх шаардлагагүй. Мах байвал махаа иднэ, юу ч байхгүй бол идэхгүй байж л байна.

    Хөдөө гэхэд эмэгтэйчүүдийн эмч  байхгүй байсан ч  хүүхдээ гаргаад л байна. Монголчууд асуудлыг хайхардаггүй. Тэр байтугай үхэл, амьдралыг шийдэх асуудал байсан ч тэдэнд хамаагүй.
    Гэлэн Б.Ухаанзаяа:

    Түүнийхээр коронавирус бол хүчирхэг нага/Төвдүүд өвчнийг нага гэх савдаг үүсгэдэг гэж ярьдаг/ боловч монгол хүн байгаль, эх дэлхийтэйгээ ойр амьдардаг учраас монголчуудад нага муу зүйл хийхгүй гэж үздэг байна.

    Мөн тэрээр 21 дүгээр зуунд Монгол улс тусгаар тогтнон байгаа энэхүү газар нутгийг Чингис хаан эртнээс сонгон, адисласан учраас газар нь иргэдээ хамгаалдаг гэж үзэх аж.

    Зөвлөх эмч Ж.Чинбүрэн:

    Монгол Улсын Ерөнхий сайдын Эрүүл мэндийн  зөвлөх Ж.Чинбүрэн эмчийн хувьд тус улс коронавирусын эсрэг ийнхүү амжилттай тэмцэж яваа нь Засгийн газрын оновчтой шийдвэр, үйл ажиллагаа нь олон нийтийг зөв зохион байгуулалтад оруулж, эмх замбаараагүй байдал үүсэхээс сэргийлж чадсан гэж үзэж байна.

    Чингис хааны үед Их Монгол улсын нэг захаас нөгөө хязгаар хүртэл захиа, үг хүргэх зориулалттай харилцаа холбооны бүхэл бүтэн систем ажиллаж байсан гэдэг.

    Тэрээр “Хэдий орчин үе хэдий ч Чингис хааны үеийнхтэй адил байдлаар ажилласан. Засгийн газраас өгсөн мэдээлэл, зөвлөмж нийслэл Улаанбаатараас орон нутаг дахь алслагдсан аймаг, сумдын нүүдэлчин түмэнд маш хурдан түгсэн” хэмээн ярижээ.

    “Чингис хаан” номын зохилч Жак Уэтерфорд монголчуудын тогтмол нүүдэллэж, олон хүнтэй харилцдаг байсан нь тэднийг олон төрлийн өвчлөл тусах эрсдэлийг нэмэгдүүлж ирсэн гэж бичжээ. Чухам ийм л учраас монголчуудын дархлаа тийм сайн гэж үү?

    Харин доктор Ж.Чинбүрэн энэ асуултад “Монголчууд бусдаас илүү дархлаатай гэдэг нь ямар ч шинжлэх ухааны ор үндэслэлгүй. Францын иргэн халдвар авсан байхдаа 200 гаруй хүнтэй хавьтал болсон боловч нэг нь ч халдвар аваагүй байсан нь бид амны хаалтыг маш сайн зүүж байсантай холбоотой.

    Гэхдээ халдвар анх тархсан Хятад улсын харъяа Өвөр Монголд маш цөөн халдварын тохиолдол голомтлон тархсан. Өвөр Монголын 25 сая иргэний дийлэнх хувь нь хятад үндэстэн. Харин тэнд халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Хятад үндэстэн байснаас нэг ч монгол хүн байгаагүй” гэжээ.

    Эх сурвалж:South China Morning Post

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ