• 5-10 тэрбумын барьцаагаа байршуулаагүй тул С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг цагдан хорилоо

    2020-06-18

    С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Да.Ганболд нарт  холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр  09:00 цагт эхэлж, тэднийг цагдан хорих шийдвэр гаргалаа.

    Тэднийг Оюунтолгойн гэрээг үзэглэх үедээ бусдад давуу тал  олгож, Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,  хэргийг нь тус дүүргийн шүүх өнгөрсөн  гуравдугаар сарын 23-нд хүлээн авсан.

    Шүүгдэгч С.Баярцогт, Да.Ганболд нарыг тус бүр 10 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч С.Баярт 5 тэрбум төгрөгийн барьцаа, Б.Бямбасайханд 2 тэрбум төгрөгийн барьцааг шүүхийн тусгай дансанд байршуул гэсэн шийдвэр гарсан.

    Өнөөдрийн байдлаар зөвхөн С.Баяр 525 сая төгрөгийн барьцааг шүүхийн тусгай дансанд байршуулсан байна.

    Тиймээс С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргалаа.

    Түүнчлэн  шүүх хуралдаанд хоёр шинжээч оролцуулах ёстой гэдэг үндэслэлээр шүүх хуралдаан энэ сарын 22 хүртэл хойшлов.

    2020 оны УИХ-ын сонгуулиар,

    • С.Баярцогт Сэлэнгэ аймаг буюу 13-р тойрог,
    • Б.Бямбасайхан Дархан-Уул аймаг буюу 19-р тойрог,
    • Д.Ганболд Хөвсгөл аймаг буюу 17-р тойрогт АН-аас нэр дэвшиж байгаа юм.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ