
Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан парад ОХУ-ын 28 хотод болно гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч генерал-майор Игорь Конашенков хэллээ. Энэ тухай мягмар гарагт РИА Новости мэдээлэв.
Түүний хэлснээр цэргийн жагсаал, их бууны мэндчилгээнүүд баатар хотуудад, түүнчлэн цэргийн дүүргийн штаб, флот, нэгдсэн зэвсэгт хүчин, Каспийн флот, армийн корпус байрладаг хотуудад болно. “Нийтдээ Оросын 28 хотод” парад болно гэж тэр хэлжээ.
Конашенков нэмж хэлэхдээ, цэргийн албан хаагчдын оролцоотой баярын арга хэмжээ, ёслолын ажиллагаа энэ сарын 24-нд тус улсын бусад хот, суурин газруудад болно гэв.
Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эпидемиологийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Ялалтын 75 жилийн ойд зориулсан жагсаалыг хойшлуулах шийдвэр гаргасан юм. 5-р сарын 9-нд Оросын хотуудад агаарын жагсаал, баярын салют буудсан. Тавдугаар сарын сүүлчээр төрийн тэргүүн Ялалтын парад 6-р сарын 24-нд болно гэж мэдэгдсэн.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр Кремль Ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийг хязгаарлах тухай хэд хэдэн бүс нутгийн шийдвэрийг “бүрэн ойлгож” байгаа гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй