Бээжин хотын “Хүнсний агуулах” хэмээгдэх Шинь Фа Ди гэж ямар газар вэ?

6-р сарын 11-14-ний өдөр Бээжин хотод Ковид-19-ийн нийт 51 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд Шинь Фа Ди хүнсний захтай холбоотой байлаа. Үүгээр тус бөөний зах олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

1988 оны 5-р сарын 16-нд байгуулагдсан Шинь Фа Ди зах нь өдгөө Азидаа худалдааны хэмжээгээр хамгийн томд тооцогдох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний зах юм. Тус зах 1.12 сая квадрат метр талбайг хамарч, 2000 гаруй суурин лангуу, 1500 гаруй менежментийн ажилтантай.

Энэхүү захаар өдөрт 18000 тонн хүнсний ногоо, 20000 тонн жимсний барааны эргэлт хийгддэг ба Бээжингийн оршин суугчдын худалдан авдаг жимс ногоо, мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, будаа гурилын 80 хувь нь Шинь Фа Ди захаас нийлүүлдэг тул энэ захыг Бээжингийн “Хүнсний агуулах”, “Жимс ногооны бааз” гэх мэтээр нэрлэдэг аж.

Тэгвэл 50-иад өдрийн турш Ковид-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй байсан Бээжин хотод тархалт дахин дэгдсэн нь яагаад энэхүү бөөний захтай холбоотой болов? Хятадын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн тархвар судлалын ахлах мэргэжилтэн Ү Зүньюү ярилцлага өгөхдөө, энэ нь бөөний захын хадгалах орчин, хүмүүсийн урсгалтай холбоотой байж болзошгүй гэж хэлжээ.

Температур бага байх тусам вирусийн амьдрах хугацаа урт болдог. Бөөний захад буй ихэнх далайн бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалдаг. Ийм орчинд вирус удаан хугацаагаар амьдрах чадвартай тул хүмүүст халдварлах магадлал илүү өндөр бодог.

Хүнсний бөөний захаар өдөр бүр олон тооны хүмүүс үйлчлүүлдэг. Хэрэв хэн нэг нь вирус тээгч байвал олон хүний урсгалд халдвар хялбархан тархах эсдэлтэй.

Шинь Фа Ди бөөний захын хаалгыг барих хугацаанд эдгээр ногоо жимсийг шинээр нээсэн худалдааны таван цэгт түр хугацаагаар байрлуулахаар болжээ. Одоогоор Бээжин хотын хүнсний ногооны тээврийн хэрэгслийн компаниуд хүнсний ногоог тариан талбайгаас хотын зах руу шууд нийлүүлж байна гэж “Бээжингийн өдрийн сонин” мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ