• Ч.Авдай:Дарханчууд маань Дамдиннямдаа эргэлзэх хэрэггүй

    2020-06-15

    Ардын багш, академич, техникийн ухааны доктор, профессор, УИХ-ын гишүүн асан Чилхаажавын Авдайтай ярилцлаа.

    Найрамдлын хэмээх тодотголтой Дархан хотыг байгуулсны 60 жилийн түүхт ой ирэх жил тохиох нь. Энэ талаар яриагаа эхлэх үү?

    -Дархан хотын тулгын чулууг “Бурхантын хөндий”-д 1961 оны аравдугааар сарын 17-ны өдөр тавьсан түүхтэй. Энэ хотыг ЗХУ, Болгар, Польш, Унгар, Чехословак, Зүүн Герман зэрэг социалист  орнуудын тусламжтайгаар байгуулсан болохоор найрамдлын гэж тодотгоод байгаа хэрэг.

    Сүүлд Японы тусламжтайгаар төмөрлөгийн үйлдвэр байгуулсан шүү дээ. Ер нь бол энэ хотыг байгуулсан түүхийг Аж үйлдвэрийн яамны сайд, Хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдингүйгээр төсөөлөхөд бэрх.

    П.Дамдин гуайг хойно суралцан төгсөөд ирэнгүүт нь Ю.Цэдэнбал дарга нэлээд шинжсэн юм билээ. Тэгээд л Аж үйлдвэрийн яамны сайдаар томилоод Дархан хотыг байгуулах үүрэг даалгаврыг шууд өгсөн хэрэг. П.Дамдин гуай ч маргааш өглөөнөөс нь эхлээд бүхий л нарийн тооцоог өдөр шөнөгүй хийж, улс орон даяар бүтээн байгуулалтын давалгааг өрнүүлж чадсан юм. Мөн Дархан хотын хөгжилтэй уялдуулан Шарын голын уурхайг ч байгуулсан юм шүү дээ. Монгол орны өнцөг булан бүрээс оргилсон залуус ирж энэ сайхан хотыг байгуулсан юм даа.

    -Дархан хотын ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

    -Маш ирээдүйтэй хот шүү.

    Үйлдвэр уурхайн яндан хүжлэх

    Үлгэрийн сайхан хот байдаг юм.. гэж Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай шүлэглэж, аугаа Д.Лувсаншарав аяыг нь зохиосон сүлд дуу нь бий.

    Аж үйлдвэрийн бааз суурь дээрээ тулгуурлан Монгол Улсын аж үйлдвэр, шинжлэх ухааны том төв болон хөгжих бүрэн үндэс, нөхцөлтэй. Хөдөлмөрч ард түмэн, хүүхэд залуучуудынх нь цог золбоо байна шүү дээ.

    -Таны хувьд Дархан хоттой хэр “хүйн холбоо”-той вэ?

    -Одоогийн ШУТИС буюу Политехникийн дээд сургуулийн захирлаар намайг дөнгөж томилогдож байх үед Дархан хотыг байгуулах их бүтээн байгуулалт өрнөсөн юм. Манай оюутнууд Дарханд дадлага хийнэ, судалгаа явуулна, багш нар нь удирдана. Энэ бүхэн тус хотыг цаашид яаж хөгжүүлэх вэ гэсэн зорилгтой. Аж үйлдвэрийн том объект болсон хот тул сүүлдээ энэ хотод сургуулийнхаа салбарыг нээхээр болж, шийдвэр ч гарлаа. 1991 онд манай сургуулийн салбарыг Дархан хотод байгуулж, Ажилчны соёлын төв ордонд нижгэр ёслол болж байв. Улсын бага хурлын дарга Р.Гончигдорж биеэр хүрэлцэн ирж баяр хүргэн үг хэлж байсан юм.

    -Таны шавь нар Дарханд олон бий биз?

    -Тэгэлгүй яахав. Тоймгүй. Манай салбар сургууль байна. Цахилгаан станц, арьс шир, тоосгоны үйлдвэрт нь хэдэн арав, зуугаараа ажиллаж байгаа.

    -Энэ хотод буюу Дархан-Уул аймагт шинэ үеийн төлөөлөл болсон Уул уурхайн бодлого, засаглал судлаач, эрх зүйч Г.Дамдинням нэр дэвшиж байгаа. Энэ талаарх таны сэтгэгдлийг сонсъё?

    -Манай Хан Хөхүй нутгийн Элжигэн түмэн, хүн ард нь эрт дээр үеэсээ л нийгмийн идэвхтэй, эх оронч, дайчин зан чанартай.

    Их эзэн Чингисийн цагаан сүлдийг үе улиран хадгалж, тахиж ирсэн, 700 гаруй лам хувраг чуулсан сүм хийдтэй байсан гэдгээс бодоход л оюунлиг ард түмэн гэдэг нь мэдэгддэг. Г.Дамдинням маань ийм л ард түмний удам.

    Манай Хан Хөхүйн Ачит ван Гончигдамба, зоригт ван Наваанцэрэн нар бол Богд хаант Монгол Улсын төрийн том сайд, Ховд, Улиастайг захирах сайд байсан. Энэ уламжлал тасраагүйн илэрхийлэл бол шинэ үеийн төлөөлөл болсон Гонгорын Дамдинням юм. Түүний аав бол аймгийн заан цолтой удам дамжсан бөх хүн. Гонгор маань гэргийтэйгээ нутаг орондоо төдийгүй Дарханд нэр хүндтэй, хөдөлмөрч хүмүүс. Энэ зан чанар Г.Дамдиннямд уламжлагдсан байдаг юм.

    Г.Дамдинням маань ажиллахын зэрэгцээ байнга суралцдаг хүн. Аливаад голчтой хандана, хүний мөс сайтай, хэлсэн үгэндээ хүрдэг сайн чанартай. Тухайлбал тэрээр ШУТИС-ийн проректороор ажиллаж байхдаа их сургуулийн залуу багш олонтой, байр сууцгүй хүнд нөхцөлийг юун түрүүн ажиглаад маш хямд төсвөөр 180 айлын орон сууц бариулж өгсөн юм.

    Байр хуваарилахдаа хамт олны хурлаар хэлэлцүүлж, маш шударга шийдвэр гаргасан. Анх түүнийг энэ чухал асуудлыг барьж аваад шийдүүлнэ гэхэд хэн ч итгээгүй. Аливаа асуудлыг маргааш гэж хойш тавьдаггүй, аль болох бүтээнэ гэж зүтгэдэг тэмцэгч чанартай.  Ухаан далай номоос эхтэй гэдгийг тэр ойлгосон нэгэн. ШУТИС-ийн төв номын санд ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүсийн бүтээлийг цахимаар үзэх, судлах боломж олгож номын санг өргөтгөсөн. ШУТИС-ийн оюутны төлбөрөөс гадна эрдэм шинжилгээний ажлаас олох орлогыг сургуулиа хөгжүүлэх, төвлөрсөн мөнгийг нь арвижуулах, оюутны эмнэлэг байгуулах, биеийн тамир спортын танхим байгуулах зэрэг шинэлэг үйлст зориулахыг санаачлан хэрэгжүүлсэн юм.

    -Дарханчууддаа хандаж та юу хэлэх вэ?

    -Г.Дамдинням дэлхийн хөгжилтэй орны нэг Канадад суралцахаас гадна шинжлэх ухааны судалгаа ч хийсэн. Амьдрал ахуйг нь ажигласан, нийгмийг нь таньсан хүн. Аль сайхныг нь Монголдоо, Дархандаа нутагшуулах гэж яваа залуу лидер. Юу гэвээс тэр хүнийг дээр доор гэж харьцдаггүй, хэлсэн үгэндээ хүрдэг залуу. Канад бол уул уурхайн том гүрэн. Тэдний зан заншил, ахуй соёл, нийгмийн олон талт харилцааг нь хэдэн жилийн турш судалж, ном ч бүтээсэн байна лээ. Улс орныг хөгжүүлэх шинэ үеийнхний түүчээ болсон эх оронч сэтгэлгээтэй энэ залууг улс төрийн ууган хүчин, засгийн эрх барьж буй МАН олон талаас нь шүүн тунгааж, намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх олгосон байж таарна.

    Дарханчууд маань Г.Дамдиннямдаа эргэлзэх хэрэггүй. Тэр бүтээнэ, хөгжүүлнэ. Нэг сонирхолтой зүйл гэвэл Дархан хотыг байгуулсан Паавангийн Дамдин гуай болон төрж өссөн Дархан хотдоо нэр дэвшээд байгаа Г.Дамдиннямын аав Ц.Гонгор нар Хан Хөхүй нутгийн, тэр тусмаа нэг сумынхан юм байна шүү.

    Бас Дамдин алдартнуудын нэг нь Дарханыг байгуулж, нөгөө нь хөгжүүлэх ерөөлтэй юм шиг санагдлаа.

     

     

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ