• Утаатай хийх тэмцэлд үргэлжлэл бий юү?

    2020-06-15

    Утаа бол улстөр. Учир нь утаагаар улстөрчид тоглолт хийж, төрийн эрхийг авч, утаагаар мөнгө угааж, улс орноо туйлдуулсан. Үр дүнд нь бидний хувцаснаас утаа үнэртэж, бидний уушгинд тоосонцор цугларч, бидний цусаар хар тугалга урсаж байв. Монгол Улс хамгийн их агаарын бохирдолтой улсуудын зургаад жагсаж, Улаанбаатар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтыг тэргүүлж байлаа. Уг нь утааг арилгах боломж бий.

    Угтаа бүх бэрхшээлийг шийдэж болох ч утааг бид нэг л  дийлдэггүй байв. Утаанд Монгол улс  2008-2019 оны хооронд 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Өнөөдрийн дундаж ханшаар бодоход  35 мянган айлын орон сууцыг сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвтэй нь хамт барих хөрөнгө байв.  Мөн жилд  200 хүүхэд утааны улмаас энддэг байсан гэх эмгэнэлтэй тоо.

    Гэхдээ энэ бүх харамсмаар тоо, баримтыг дахиж давтахгүй байх боломж ирсэн.  У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар утааг шийдэж чадсан. Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлснээр 20 жил ярьсан хорт утааг ганцхан өвлийн дотор 50 хувиар бууруулсан. Хожим У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “утааг ялсан” гавьяагаар нь түүхэнд тодоор тэмдэглэх биз. Тэр Улаанбаатарын утаан хөшгийг сарниагаад зогсохгүй улс төрд бугшаад байсан МАНАН-г сарниулсан.  Тэр монгол төрд хариуцлага хэрэгждэг гэдгийг харуулсан.

    Яг жилийн өмнө түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр хэрэгжиж, агаарын бохирдолтой тэмцэх зоримог алхам эхэлж байв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдтэйгээ хамт “Таван толгой түлш” ХХК-д ажиллаж шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалттай газар дээр нь танилцаж байсан байх юм. Тухайн үед үйлдвэрийн дөнгөж зарим шугам ашиглалтад орж, шахмал түлшийг картаар олгох шийдлээ олоод хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаж байв. Цаг давуу, хийх ажил их байлаа. Гэсэн ч хэдхэн сарын дараа гайхам үр дүн гарсныг бид мэднэ.

    Харин одоо утааны эсрэг тэмцэл үргэлжлэх ёстой. Сонгуультай, сонгуульгүй, МАН, АН аль нь ч ялсан бай Улаанбаатарт өвөл ирдгээрээ ирнэ. Харин өвөл ирэхэд утаатай хийх тэмцэл үргэлжлэх үү гэдэг энэ удаагийн сонгуулиар хэн засгийн эрхэнд гарахаас хамаарах юм.  У.Хүрэлсүхийн тэргүүлж байгаа МАН-ын мөрийн хөтөлбөрт утааг 80-аас дээш хувь бууруулах, шахмал түлшний 2 дахь үйлдвэрийг Налайхад байгуулах, шахмал түлшний түүхий эдийг зөөвөрлөх төмөр, зам автозамын шинэчтгэл хийхийг тусгажээ.  Харин АН-ын мөрийн хөтөлбөрт “утаа бууруулах хувь хүний болон аж ахуйн нэгжийн шийдлийг төрөөс урамшуулан дэмжинэ” гэжээ.

    Утаатай хийх тэмцлийг үргэлжлүүлье.

    М.Хангарди

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ